ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Виз

“Монгол Улсын виз” гэж гадаадын иргэнд Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрлийн хуудсыг хэлнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын виз (цаашид “виз” гэх)-ийг зохих журмын дагуу авсан байна.

Асуулт 1: Монгол Улсын виз хүсэхэд гадаад иргэний паспортын хүчинтэй хугацаа доод тал хэдэн сар байх шаардлагатай вэ?

Виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхэд гадаадын иргэний паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна.

Асуулт 2: Төрийн бус байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл авах хүсэлтийг хаана гаргах вэ? Ямар материал бүрдүүлдэг вэ?

Төрийн бус байгууллагын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл авах хүсэлтийг Гадаад харилцааны яаманд гаргах ба даарах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • уригчийн албан хүсэлт;
  • цахимаар бөглөсөн мэдүүлэг;
  • гадаадын иргэний хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичиг (цаашид “паспорт” гэх)-ийн хуулбар;
  • хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • хураамж төлсөн баримт.

Асуулт 3: Монгол Улсад цагаачлах эрхийг ямар хугацааг олгодог вэ?

Монгол Улсад цагаачлах эрх авах тухай гадаадын иргэний хүсэлт, улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж, цагаачлах хүсэлтэй хүний боловсрол, мэргэжлийг харгалзан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрлийг 5 хүртэл жилээр олгож, тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.

Монгол Улсад цагаачлах хүсэлт гаргасан Гэр бүлийн шалтгаанаар оршин суух гадаадын иргэн нь 55 буюу түүнээс дээш настай бол тухайн гадаадын иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчмыг баримтлан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хугацаагүйгээр олгож болно.

Асуулт 4: Монгол Улсад аялал жуулчлалаар ирэх гадаадын иргэн виз хүсэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул, хилийн боомтод “J” ангиллын виз хүсэгч гадаадын иргэн нь мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • хүчин төгөлдөр паспорт;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Монгол Улсад ирэх, буцах нислэг буюу галт тэрэгний тийз захиалгын хуудас;
  • Монгол Улсад зорчих хугацаанд байрлах зочид буудлын захиалгын хуудас, байрлах газрын хаяг;
     шаардлагатай тохиолдолд хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн чадавхитайг нотолсон бичиг баримт;
  • гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;
  • визийн хураамж төлсөн баримт.

Асуулт 5: Гадаадын иргэн Монгол Улсад байх визийн хугацааг сунгуулахдаа визний хугацаа дуусахаас хэд хоногийн өмнө хүсэлт гаргах вэ?

Гадаадын иргэн Монгол Улсад байх визийн хугацааг сунгуулах хүсэлтээ мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримтын хамт уг хугацаа дуусахаас ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө эрх бүхий байгууллагад гаргана:

  • хүчин төгөлдөр паспорт;
  • уригчтай бол уригчийн хүсэлт;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг.

 


http://e-khutuch.mn/guide/print/31/278/faq