ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Виз

“Монгол Улсын виз” гэж гадаадын иргэнд Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрлийн хуудсыг хэлнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын виз (цаашид “виз” гэх)-ийг зохих журмын дагуу авсан байна.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 18.1-т зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно.

Гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суухтай холбогдсон харилцааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар “Визийг хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно”. Түүнчлэн, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар “Визийг хавсралт хуудсаар олгож болно” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар Визийг олгохдоо дараах зэрэгт олгоно. Үүнд:

  1. Дипломат зэргийн виз
  2. Албан зэргийн виз
  3. Энгийн зэргийн виз

Хуулийн заалт

Зэрэг

Виз авах эрх бүхий этгээд

ГИЭЗБтХ 12.1

Дипломат зэргийн виз

Дипломат зэргийн визийг дипломат паспорттай гадаадын иргэн, улаан өнгийн лесе пасе бүхий НҮБ-ын ажилтан, албан тушаалтанд олгоно

 

ГИЭЗБтХ 13.1

Албан зэргийн виз

Албан зэргийн визийг дараахь гадаадын иргэнд олгоно:

1. Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих, оршин суух гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын ажилтан, албан тушаалтан, олон улсын байгууллагын ажлаар ирэх энгийн паспорттай гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн;

2. Тус улсын төр, захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий намын урилгаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэн;

3. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу тус улсад ажиллах албан болон энгийн паспорттай гадаадын иргэн;

4. Гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын албан болон энгийн паспорттай ажилтан.

 

ГИЭЗБтХ 14.1

Энгийн зэргийн виз

Энэ хуулийн 12, 13 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд гадаадын иргэнд энгийн зэргийн виз олгоно.

 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т зааснаар “Виз нь орох, гарах-орох, дамжин өнгөрөх зориулалттай, Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгыг агуулсан ангилалтай, нэг, хоёр, олон удаагийн гэсэн төрөлтэй байна.

Тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар “Виз нь дараах ангилалтай байна”

Д/д

Ангилал

Виз хүсэх эрх бүхий этгээд

1

“D” ангиллын виз

Дипломат зэргийн визийг дипломат паспорттай гадаадын иргэн, улаан өнгийн лесе пасе бүхий НҮБ-ын ажилтан, албан тушаалтан

2

“A” ангиллын виз

1. Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих, оршин суух гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын ажилтан, албан тушаалтан, олон улсын байгууллагын ажлаар ирэх энгийн паспорттай гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн;

2. Тус улсын төр, захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий намын урилгаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэн;

3. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу тус улсад ажиллах албан болон энгийн паспорттай гадаадын иргэн;

4. Гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын албан болон энгийн паспорттай ажилтан.

3

“T” ангиллын виз

Гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд;

4

“O” ангиллын виз

Төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэнд;

5

“В” ангиллын виз

Ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэнд;

6

“S” ангиллын виз

Суралцах, мэргэжил дээшлүүлэх болон дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний байгууллага болон инновацийн салбарын гарааны компанид эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөдөлмөрийн гэрээгээр хийх зорилгоор ирэх гадаадын иргэнд;

7

“J” ангиллын виз

 Тус улсад жуулчлахаар ирэх гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан;

8

“HG” ангиллын визийг

Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан;

9

“SH” ангиллын виз

Шашны байгууллагын шугамаар ирэх, оршин суух гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан; 

10

“TS” ангиллын виз

Монгол Улсад цагаачлах зөвшөөрөл авсан гадаадын иргэнд;

11

“Н” ангиллын виз

Монгол Улсад хувийн хэргээр оршин суугчийн гэр бүлийн гишүүн болон хувийн урилгаар ирэх гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан.

 

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль /1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль /2010 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2018 оны 145 дугаар тогтоолын хавсралт “Монгол улсын виз олгох журам” ЭНД дарж үзнэ үү.

http://e-khutuch.mn/guide/print/31/278/law