ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Оршин суух зөвшөөрөл олгох

Монгол Улсад хувийн болон албан хэргээр оршин суух гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад гаргаснаар оршин суух зөвшөөрлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-т заасан гадаадын иргэдийн тоонд багтаан олгоно.

Асуулт 1: Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтийг хилээр орж ирсэнээс хэд хоногийн дотор гаргадаг вэ? 

Монгол Улсад хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсад орж ирсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт гаргана.

Асуулт 2: Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр оршин суух зөвшөөрөл хүсэхэд ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт.

Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагын хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн албан бичгийг үндэслэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана.

Асуулт 3: Дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг ямар хугацаатай олгодог вэ?

Ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр мөн хугацаагаар сунгана.

Асуулт 4: Монгол улсад цагаачлан амьдрах хүсэлтэй гадаадын иргэн ямар шалгуур хангасан байх ёстой вэ?

Монгол Улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргасан гадаадын иргэн нь дараахь ерөнхий шалгуурыг хангасан байна:

  • сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс багагүй байх
  • дээд боловсролтой, эсхүл Монгол Улсад онц чухал шаардлагатай мэргэжил эзэмшсэн байх;
  • гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй;
  • Монгол Улсаас албадан гаргаж, тус улсад орох эрхийг нь хязгаарлаж байгаагүй;
  • Монгол Улсад 3 жилээс дээш хугацаагаар оршин суусан байх.

Асуулт 5: Монгол Улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргахад ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт;
  • гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг эх, эмэг эх, өвөг эцгийн);
  • гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн өвчний шинжилгээний бичиг болон сэтгэцийн өвчтэй эсэх тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа;
  • амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 3 хувь цээж зураг;
  • боловсрол, мэргэжлийн үнэмлэх, дипломын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/31/279/faq