ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Монгол Улсын харъяат болох

Гадаадын иргэн буюу харьяалалгүй иргэн хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын харьяат болж болно.

Монгол Улсын харьяат болгохоос татгалзах, түдгэлзүүлэх үндэслэл:

1. Дор дурьдсан үндэслэлээр гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгохоос татгалзана:

  • олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заасан хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон;
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулж байгаа бол;
  • олон улсын алан хядах байгууллагын гишүүн гэж зарлагдсан хүн;
  • шүүхээр онц аюултай гэмт хэрэгтэн гэж тогтоогдсон;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээс урьд нь албадан гаргагдсан бол.
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргагдсанаас хойш 10 жил өнгөрөөгүй бол.
  • Монгол үндэсний ёс заншил, хуульд харш шашны урсгалыг сурталчилсан бол.

2. Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчийн өргөдлийг дор дурдсан үндэслэлээр хүлээн авахаас түдгэлзүүлнэ. Үүнд:

  • Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаагүй;
  • Мөн хуулийн 22 дугаар зүйлд заасан журмыг хангаагүй;
  • Хорих ял эдэлж байгаа бол;
  • Сэтгэл мэдрэлийн буюу гоц халдвартай өвчтэй, мансууруулах бодис хэрэглэх донтой, архаг архичин гэдэг нь зохих журмаар тогтоогдсон бол;

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь зохих журмын дагуу нотлогдсон бол Монгол Улсын харьяат болгохоос татгалзах тухай саналаа гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулснаар Ерөнхийлөгчид уламжилна.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл зохих журмын дагуу нотлогдвол гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсын харьяат болох хүсэлтийг хүлээн авахаас түдгэлзүүлж байгаа тухай албан ёсоор мэдэгдэнэ.

Монгол Улсын иргэний харьяаллыг алдах үндэслэл: Дор дурьдсан үндэслэлээр Монгол Улсын иргэний харьяаллыг алдана:

  • Хэрэв гадаадын иргэн, эхнэр, нөхөр нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах үед түүний иргэний харьяаллыг өөрчлөх хүсэлт гаргавал үрчлүүлж буй эцэг эхийн саналыг харгалзан тухайн хүүхдийн иргэний харьяаллыг шийдвэрлэж болно үндэслэлээр;
  • эцэг, эхийн иргэний харьяалал өөрчлөгдсөнөөр;
  • өөрийн талаар хуурамч баримт бичиг, худал мэдээлэл бүрдүүлж Монгол Улсын харьяат болсон нь тогтоогдсоноор;
  • Монгол Улсын олон улсын гэрээнд болон энэ хуульд заасан бусад үндэслэлээр;
  • Монгол Улсын харьяатаас гарснаар.

Өөрийн талаар хуурамч баримт бичиг, худал мэдээлэл бүрдүүлж Монгол Улсын харьяат болсон нь тогтоогдсон үндэслэлээр Монгол Улсын иргэний харьяаллыг алдах тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг Монгол Улсын харьяат болгосон шийдвэрээ хүчингүй болгоно.


http://e-khutuch.mn/guide/print/31/290/advice