ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Монгол Улсын харъяат болох

Гадаадын иргэн буюу харьяалалгүй иргэн хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын харьяат болж болно.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаарх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргана.

Хэрэв өргөдөл гаргагч гэр бүлийн бусад гишүүний хамт Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарахыг хүсвэл өргөдлөө хамтран гаргаж болно.

Иргэнийхээ харьяаллыг өөрчилж буй эцэг буюу эх өргөдөлдөө 16 насанд хүрээгүй хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар бичсэн байна.

16-18 нас хүрээгүй хүүхдийн Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаарх хүсэлтийг өөрийн нь зөвшөөрч гарын үсэг зурсны дагуу эцэг, эх, эсхүл түүний асран хамгаалагч буюу харгалзан дэмжигч нь гаргана. 

Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагч дараах бичиг баримт бүрдүүлнэ: 

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан өргөдөл;
  2. 3 үеийн намтар;
  3. Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудас;
  4. Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар;
  5. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  6. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  7. Эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат болохдоо 16 нас хүрээгүй хүүхдээ тус улсын харьяат болгох хүсэлтэй тохиолдолд эцэг эхийн бичгээр гаргасан үндэслэл бүхий тохиролцоог нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 
  8. 16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний  бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 
  9. Сэтгэц мэдрэлийн буюу халдварт өвчин, хүний дархлал хомсдлын вирусын халдварын талаарх эрүүл мэндийн /сэтгэцийн эрүүл мэндийн болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв / байгууллагын тодорхойлолт; 
  10. Сэтгэц мэдрэлийн буюу халдварт өвчин, хүний дархлал хомсдлын вирусын халдварын талаарх эрүүл мэндийн /сэтгэцийн эрүүл мэндийн болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв / байгууллагын тодорхойлолт; 
  11. Хууль ёсны амжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох зохих баримт бичиг:
  • байгууллага, аж ахуйн нэгжээс гаргасан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • хувиараа хөдөлмөр эрхлэгч бол түүний орлогынх нь талаарх банк, татварын байгууллагын тодорхойлолт, байгууллагын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • амжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох бусад.
  1. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаяг, ам бүлийн); 
  2. Зураг 3 хувь; 
  3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагч нь дээрх бичиг баримтаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа аймаг, нийслэлийн  Засаг даргад ирүүлнэ:

  • Монгол Улсад таваас доошгүй жил байнга оршин суусан болохыг нотолсон оршин суух үнэмлэх, паспорт /харьяалалгүй хүн гадаадад зорчих үед олгосон баримт/-ын  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • хүсэлт гаргагчийн сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин илүү болох тухай холбогдох байгууллагын тодорхойлолт;
  • хүсэлт гаргагч нь аж ахуйн нэгжийн эзэн, эсхүл хөрөнгө оруулагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол түүний орлогынх нь талаархи банк, татварын байгууллагын тодорхойлолт.

Аймаг, нийслэлийн Засаг дарга хүсэлт гаргагчийн хувийн байдлын талаарх тодорхойлолт, дүгнэлтийг тухайн сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга болон цагдаагийн байгууллагаас гаргуулан авч холбогдох бүх баримт бичгийн бүрдлийг шалгаж тодорхой саналын хамт Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлнэ.

Хүсэлт гаргагч Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан эсэхийг тогтоох зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газар дараах үйл ажиллагаа явуулна:

  • хүсэлт гаргагчтай Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн эсэхийг ярилцлага хийж  бүрэн дунд боловсролын агуулгын стандартын дагуу тогтоох;
  • хүсэлт гаргагч нь Монгол Улсад оршин суух хугацаандаа гэмт хэрэг санаатай үйлдэж ял эдэлж байсан эсэх, олон улсын болон гадаад улсын эрх бүхий байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа эсэх талаар цагдаагийн төв байгууллагаас тодорхойлолт гаргуулах;
  • хүсэлт гаргагчийг Монгол Улсын харьяат болгох нь уг хүний урьд нь харьяалагдаж байсан улстай Монгол Улсын тогтоосон харилцаа, Монгол Улсын нэр хүнд, үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашигт харшлах эсэх талаар Тагнуулын төв байгууллагаас  дүгнэлт, санал гаргуулах;
  • шаардлагатай гэж үзвэл холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргагчийн талаар лавлагаа, холбогдох бусад баримт бичгийг гаргуулан авах.

Гадаадын иргэн, харьяатын газар нь хүсэлт гаргагчийн өргөдөл, холбогдох байгууллага, албан тушаалтны санал, тодорхойлолт болон бусад баримт бичгийг тал бүрээс нь нягтлан үзэж дүгнэлт гарган Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина.

Гадаадын иргэн, харьяатын газрын дүгнэлтэд хүсэлт гаргагчийг Монгол Улсын харьяат болгох эсхүл харьяат болгохоос татгалзах үндэслэл, нөхцөлийг тодорхой заана.

Гадаадын иргэн, харьяатын газар дараахь тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгохоор Ерөнхий сайдад танилцуулан Ерөнхийлөгчид өргөн барьж болно:

  • Засгийн газраас баталсан Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшлийн жагсаалтад тухайн хүсэлт гаргагчийн эзэмшсэн мэргэжил, мэргэшил хамрагдсан бол;
  • Монгол Улсын аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагуудаас тухайн хүсэлт гаргагчийг Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсныг нотолж, түүний Монгол Улсын харьяат болох хүсэлтийг нь дэмжсэн бол;
  • Олон улсын нэр хүнд бүхий шагнал хүртсэн буюу шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан бол;
  • Монголд хоёр сая буюу түүнээс дээш америк доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн  бол.

Дээрх нөхцөл бүрдсэн тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүн хүсэлтээ Албанд, хэрэв гадаад улсад оршин суугаа бол Монгол Улсаас гадаад улсад оршин суугаа Дипломат төлөөлөгчийн газарт ирүүлнэ.

“Монголд хоёр сая буюу түүнээс дээш америк доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн” гэсэн

шалгуур нь Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан нөхцөлд хамаарна.

Хүсэлт гаргагч нь Монгол Улсад оршин суусан сүүлийн таван жилийн хугацаанд жилд 120 хүртэл хоногийн хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй байж болно. 

Иргэний харьяаллын асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч, хянан хэлэлцэж, шийдвэр гаргах хугацаа зургаан сараас хэтрэхгүй байна.

Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох хүсэлтийг зөвшөөрөх тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг, татгалзах тохиолдолд захирамж гаргана.

Иргэний харьяаллын асуудлаар шийдвэр гаргаснаас хойш хагас жилийн дотор уг асуудлаар дахин гаргасан өргөдлийг хүлээн авахгүй.

Монгол Улсын харьяат болгосон болон иргэний харьяаллыг сэргээн тогтоосон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрөөс хүсэлт гаргагчийг Монгол Улсын харьяат болсонд тооцно.


http://e-khutuch.mn/guide/print/31/290/decide_order