ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Монгол Улсын харъяат болох

Гадаадын иргэн буюу харьяалалгүй иргэн хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын харьяат болж болно.

Асуулт 1: Гадаадын иргэн Монгол Улсын харьяат болоход ямар нөхцөл, шалгуур тавигддаг вэ?

Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын харьяат болохын тулд дараах нөхцөлийг хангасан байна:

1/амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх;

2/Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх;

3/Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас энэ хэсгийн 1, 2-т заасан хүрээнд төрийн бодлогыг үндэслэн тогтоосон бусад тодорхой шалгуурыг хангасан байх;

4/энэ хэсгийн 2-т заасан хугацаанд гэмт хэрэг санаатайгаар үйлдээгүй байх;

5/Монгол Улсын иргэн болсноор тус иргэний гадаад улстай тогтоосон харилцаа нь Монгол Улсын нэр хүнд, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх.

Асуулт 2: Гадаадын иргэн Монгол Улсын харьяат болох тухай хүсэлтээ хаана гаргах вэ?

Харьяатын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах тухай хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг дарга, хэрэв Монгол Улсын иргэн гадаад улсад оршин суугаа бол Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчдийн буюу консулын газар, Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан Ерөнхийлөгчид уламжилна.

Мөн тус хуулийн 3 дахь хэсэгт зааснаар Хүсэлтийг хүлээн авсан аймаг, нийслэлийн Засаг дарга, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн буюу консулын газар холбогдох бусад баримт бичгийн бүрдлийг шалган хэрвээ уг баримт бичиг нь гадаад хэл дээр үйлдэгдсэн бол түүний албан ёсоор баталгаажуулсан орчуулга тодорхой саналын хамт Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Асуулт 3: Гадаадын иргэн Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргахдаа ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан өргөдөл;
  2. 3 үеийн намтар;
  3. Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудас;
  4. Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар;
  5. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  6. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  7. Эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат болохдоо 16 нас хүрээгүй хүүхдээ тус улсын харьяат болгох хүсэлтэй тохиолдолд эцэг эхийн бичгээр гаргасан үндэслэл бүхий тохиролцоог нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  8. 16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний  бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 
  9. Сэтгэц мэдрэлийн буюу халдварт өвчин, хүний дархлал хомсдлын вирусын халдварын талаарх эрүүл мэндийн /сэтгэцийн эрүүл мэндийн болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв / байгууллагын тодорхойлолт; 
  10. Сэтгэц мэдрэлийн буюу халдварт өвчин, хүний дархлал хомсдлын вирусын халдварын талаарх эрүүл мэндийн /сэтгэцийн эрүүл мэндийн болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв / байгууллагын тодорхойлолт; 
  11. Хууль ёсны амжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох зохих баримт бичиг:
  • байгууллага, аж ахуйн нэгжээс гаргасан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • хувиараа хөдөлмөр эрхлэгч бол түүний орлогынх нь талаарх банк, татварын байгууллагын тодорхойлолт, байгууллагын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • амжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох бусад.

12. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаяг, ам бүлийн); 

13. Зураг 3 хувь; 

14. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

Асуулт 4: Гадаадын иргэн Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан боловч татгалзсан юм дахин хүсэлт гаргах боломжтой юу?

Харьяатын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох хүсэлтийг зөвшөөрөх тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг, татгалзах тохиолдолд захирамж гаргана. Иргэний харьяаллын асуудлаар шийдвэр гаргаснаас хойш хагас жилийн дотор уг асуудлаар дахин гаргасан өргөдлийг хүлээн авахгүй. Тиймээс та шийдвэр гарснаас 6 сарын дараа хүсэлт гаргах боломжтой.

Асуулт 5: Гадаадын иргэнийг Монгол улсын харьяат болгохоос ямар үндэслэлээр татгалздаг вэ?

Харьяатын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Дор дурьдсан үндэслэлээр гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгохоос татгалзана:

1/олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заасан хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон;

2/Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулж байгаа бол;

3/олон улсын алан хядах байгууллагын гишүүн гэж зарлагдсан хүн;

4/шүүхээр онц аюултай гэмт хэрэгтэн гэж тогтоогдсон;

5/Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хассан/

5/Монгол Улсын нутаг дэвсгэрээс урьд нь албадан гаргагдсан бол.

6/Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргагдсанаас хойш 10 жил өнгөрөөгүй бол.

7/Монгол үндэсний ёс заншил, хуульд харш шашны урсгалыг сурталчилсан бол.


http://e-khutuch.mn/guide/print/31/290/faq