ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Монгол Улсын харъяатаас гарах

Харьяатын тухай хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно.

Асуулт 1: Монгол Улсын харьяатаас гарах тухай хүсэлтийг хаана гаргадаг вэ?

Харьяатын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах тухай хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг дарга, хэрэв Монгол Улсын иргэн гадаад улсад оршин суугаа бол Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчдийн буюу консулын газар, Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газраар дамжуулан Ерөнхийлөгчид уламжилна.

Асуулт 2: Монгол улсын харьяатаас гарах тухай хүсэлтийг ямар хугацаанд шийдвэрлэдэг вэ?

Харьяатын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Иргэний харьяаллын асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч, хянан хэлэлцэж, шийдвэр гаргах хугацаа зургаан сараас хэтрэхгүй байна.

Асуулт 3: Монгол Улсын харьяатаас гарах тухай хүсэлт гаргахад ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагч дараах бичиг баримт бүрдүүлнэ:

  1. Өргөдөл (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгана)  
  2. Гурван үеийн намтар (өөрийн эхнэр/нөхрийн, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн)   
  3. Мэдүүлгийн хуудас 
  4. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 
  5. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний,  гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 
  6. 16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг эхийн харилцан бичгээр тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  7. 16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний  бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 
  8. Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухайн гадаад улсын эрх бүхий холбогдох байгууллагын албан ёсны зөвшөөрөл, орчуулгын хамт; 
  9. Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй болох талаар дараах байгууллагуудаас гаргасан тодорхойлолт - шүүх - шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага; - татварын байгууллага - сургалтын төрийн сан
  10. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хүсэлт       гаргагч       нарын    улсын тэмдэгтийн хураамж 60000₮ төлсөн баримт/
  11. Зураг 3 хувь. /хүсэлт гаргагч  нарын  4x6  хэмжээтэй 3 хувь гэрэл зураг байнg/

Асуулт 4: Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн Монгол Улсын харьяатаас гарах тухай хүсэлтийг хаана гаргах вэ?

Хэрэв Монгол Улсын иргэн гадаад улсад оршин суугаа бол Монгол Улсын харьяатаас гарах тухай хүсэлтийг Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчдийн буюу консулын газарт гаргана.

Асуулт 5: Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяатаас гарах тохиолдолд тэдний хүүхдийг Монгол Улсын харьяатаас гаргах асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

Харьяатын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар Эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын харьяатаас гарах тохиолдолд эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр гаргасан тэдний хүсэлтээр 16 нас хүрээгүй хүүхдийг нь Монгол Улсын харьяатаас гаргахыг зөвшөөрч болно.


http://e-khutuch.mn/guide/print/31/291/faq