ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын эрх бүхий байгууллагад гаргана.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно.

Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улс олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх, үүргийг тодорхойлохдоо уул иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтална.

18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улс нутаг дэвсгэртээ байгаа харьяалалгүй хүний эрх, үүргийг өөрийн хуулиар тогтооно” гэж тус тус заасан байдаг.

Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 58 дугаар зүйл болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайдын хамтарсан 2001 оны 100/32 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан  “Гадаадын иргэнд монгол улсын харьяат Хүүхдийг үрчлүүлэх журам”-аар зохицуулдаг.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль /1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Гэр бүлийн тухай хууль /1999 он/ ЭНД  дарж үзнэ үү.
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайдын хамтарсан 2001 оны 100/32 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гадаадын иргэнд монгол улсын харьяат Хүүхдийг үрчлүүлэх журам” ЭНД дарж үзнэ үү.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны болон байнга оршин суугаа газрынхаа үрчлэлтийн асуудал эрхэлсэн байгууллагаар уламжлан Монгол Улсын Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

Монгол Улсад 6 сараас доошгүй хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэн хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны болон байнга оршин суугаа газрынхаа үрчлэлтийн асуудал эрхэлсэн байгууллагаар уламжлан Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд гаргана.

Монгол Улсад 6 сараас доошгүй хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэн хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд  гаргана.

Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авсан гадаадын иргэнд эхний хүүхэд үрчлэн авснаас хойш нэг жилийн дотор тус улсын харьяат хүүхдийг дахин үрчлүүлэхгүй. Энэ нь ихэр хүүхэд эсхүл төрсөн ах, эгч дүү нарыг үрчлэн авахад хамаарахгүй.

Монгол Улсын харьяат хүүхдийг таваас доошгүй жил хамт амьдарсан гэр бүлд, эсхүл ганц бие гадаадын иргэн эмэгтэйд үрчлүүлж болно.

60-аас дээш насны гадаадын иргэн, эцэг эх байх эсэхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж хасуулж байсан, урьд нь үрчилж авсан хүүхдээ өөрийн буруугаас буцааж өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн, хорих ял эдэлж байгаа болон ганц бие эрэгтэй гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхгүй.

Долоо ба түүнээс дээш настай хүүхдийг үрчлүүлэхэд өөрийнх нь зөвшөөрлийг авч энэ тухай тэмдэглэл хөтөлнө.

Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх ерөнхий нөхцөл:  Үрчлэхийг хүсэгч гадаадын иргэн дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

  • хүүхэд үрчлэн авах тухай /гэр бүлтэй бол хамтарч гаргасан/ өргөдөл, түүний албан ёсны орчуулга;
  • иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар;
  • өөрийн болон гэр бүлийн хоёр үеийн намтар, зураг, байнга оршин суугаа газрын болон санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын тодорхойлолт;
  • Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхэд харшлах нөхцөл байхгүй тухай цагдаа, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагын тодорхойлолт;
  • гадаадын харьяат хүүхэд үрчлэхийг болон түүнийг өөрийн улсад нэвтрэн орох, байнга оршин суухыг зөвшөөрсөн үрчлэгчийн харьяалах улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл.

Дээрх баримт бичгийг үрчлэгчийн харьяалах улсын холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтан гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулсан байна.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам хүүхэд үрчлэн авах тухай материалыг хүлээн авч баримт бичиг хангалттай бүрдсэн гэж үзвэл 30 хоногийн дотор үрчлэгдэх хүмүүсийг судлан сонгож дор дурдсан материалыг бүрдүүлэн, үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнд холбогдох байгууллагаар дамжуулан хүргүүлнэ.

  • төрсний гэрчилгээ;
  • бүтэн өнчин, эцэг, эх нь тодорхойгүй хүүхэд үрчлэх бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эсвэл асрамжийн газрын зөвшөөрөл, түүнчлэн эцэг эх нь нас барсныг гэрчлэх баримт бичиг;
  • хагас өнчин хүүхэд үрчлэх бол эцэг, эхийн хүүхдээ үрчлүүлэх тухай бичгээр гаргасан зөвшөөрөл;
  • хүүхдийн эцэг эх сураггүй алга болсон буюу нас барсанд тооцогдсон, эсхүл эцэг эх байх эрхээ хасуулсан бол энэ тухай шүүхийн шийдвэр болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхэд үрчлүүлэх тухай бичгээр гаргасан зөвшөөрөл /эцэг, эх байх эрхийг хассан тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дараа хүүхдийг үрчлүүлнэ/;
  • эцэг эх нь ахуй амьдралын гачигдлаас шалтгаалж хүүхдээ хэвийн өсгөх боломжгүй бол энэ тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн хүүхдээ үрчлүүлэх тухай бичгээр гаргасан зөвшөөрөл;
  • хүүхдийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн байгууллагын дүгнэлт.

Дээрх материалыг хүлээн авсан гадаадын иргэнээс хүүхдийг үрчилж авах тухай санал ирүүлсэн тохиолдолд  Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам өөрийн санал дүгнэлтээ гаргаж холбогдох материалын хамт Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлнэ.

Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх тухай Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны саналыг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газар 30 хоногийн дотор үрчлэлтийн асуудлыг шийдвэрлэж, гаргасан шийдвэрийн талаар гадаад улсын иргэн болон эрх бүхий байгууллагад уламжилна.

Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах зөвшөөрөл авсан гадаадын иргэн, итгэмжлэгдсэн байгууллагатай 3 талт гэрээ байгуулж уг гэрээгээр үрчлэгдсэний дараах хяналтыг хэрэгжүүлнэ. 

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба нь үрчлэгдсэн хүүхдийн талаарх мэдээллийг үрчлэгчийн харьяалах улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын байгууллагад албан ёсоор мэдэгдэнэ.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам хүүхэд үрчлэн авах тухай материалыг хүлээн авч баримт бичиг хангалттай бүрдсэн гэж үзвэл 30 хоногийн дотор үрчлэгдэх хүмүүсийг судлан сонгож холбогдох материалыг бүрдүүлэн, үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнд холбогдох байгууллагаар дамжуулан хүргүүлнэ.

Материалыг хүлээн авсан гадаадын иргэнээс хүүхдийг үрчилж авах тухай санал ирүүлсэн тохиолдолд  Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам өөрийн санал дүгнэлтээ гаргаж холбогдох материалын хамт Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлнэ.

Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх тухай Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны саналыг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газар 30 хоногийн дотор үрчлэлтийн асуудлыг шийдвэрлэж, гаргасан шийдвэрийн талаар гадаад улсын иргэн болон эрх бүхий байгууллагад уламжилна.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Монгол Улсын харьяат Хүүхдийг үрчлэхтэй холбогдох шийдвэрт санал нийлэхгүй бол захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяаллын дагуу хандах бүрэн эрхтэй.

Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авагч гадаадын иргэн дараах үүрэг хүлээнэ:

  • хүүхдийг хэвийн өсч бойжих, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах нөхцөлөөр хангах;
  • хүүхдийн эх орон, шаардлагатай бол эцэг, эхийг мэдүүлэх;
  • үрчлэн авсан хүүхдийн талаар 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл хоёр жил тутам Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газарт мэдээлэл ирүүлэх;
  • шаардлагатай тохиолдолд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас тухайн хүүхдийн аж байдалтай танилцах, түүнтэй ярилцах боломжоор хангах.

Гэрээний дагуу итгэмжлэгдсэн байгууллага нь хүүхдийн хөгжлийн талаарх тайланг /монгол хэл дээр орчуулсан байх/ Гадаадын иргэн, харьяатын газарт ирүүлэх; 

Эдгээр баримт бичгийг үрчлэгчийн харьяалах улсын холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтан гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулсан байна.

Асуулт 1: Гадаадын иргэн Монгол Улсын харьяат Хүүхэд үрчлэн авах хүсэлтийг хаана гаргах вэ?

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны үрчлэлтийн асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргана.

Асуулт 2: Гадаадын иргэн Монгол Улсын харьяат Хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргахад ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат Хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Хүүхэд үрчлэн авах тухай /гэр бүлтэй бол хамтран гаргасан/ өргөдөл, түүний албан ёсны орчуулга; 
  2. Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар; 
  3. Өөрийн болон гэр бүлийн 2 үеийн намтар, гэр бүлийн судалгаа, гэрэл зураг; 
  4. Байнга оршин суугаа газрын тодорхойлолт; 
  5. Санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын тодорхойлолт; 
  6. Хүүхэд үрчлэн авахад харшлах нөхцөл байхгүй тухай цагдаа, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагын тодорхойлолт; 
  7. Гадаадын харьяат хүүхэд үрчлүүлэхийг болон түүнийг өөрийн улсад нэвтрэн орох, байнга оршин суухыг зөвшөөрсөн үрчлэгчийн харьяалах улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл. 

Асуулт 3: Гадаадын иргэний Монгол Улсын харьяат Хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хэд хоногийн дотор шийдвэрлэдэг вэ?

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам хүүхэд үрчлэн авах тухай материалыг хүлээн авч баримт бичиг хангалттай бүрдсэн гэж үзвэл 30 хоногийн дотор үрчлэгдэх хүмүүсийг судлан сонгож холбогдох материалыг бүрдүүлэн, үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнд холбогдох байгууллагаар дамжуулан хүргүүлнэ.

Материалыг хүлээн авсан гадаадын иргэнээс хүүхдийг үрчилж авах тухай санал ирүүлсэн тохиолдолд  Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам өөрийн санал дүгнэлтээ гаргаж холбогдох материалын хамт Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлнэ.

Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх тухай Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны саналыг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газар 30 хоногийн дотор үрчлэлтийн асуудлыг шийдвэрлэж, гаргасан шийдвэрийн талаар гадаад улсын иргэн болон эрх бүхий байгууллагад уламжилна.

Асуулт 4: Гадаадын иргэн Монгол Улсын харьяат Хүүхэд үрчлэн авснаар ямар ямар үүрэг хүлээдэг вэ?

Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авагч гадаадын иргэн дараах үүрэг хүлээнэ:

  • хүүхдийг хэвийн өсч бойжих, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах нөхцөлөөр хангах;
  • хүүхдийн эх орон, шаардлагатай бол эцэг, эхийг мэдүүлэх;
  • үрчлэн авсан хүүхдийн талаар 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл хоёр жил тутам Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд мэдээлэл ирүүлэх;
  • шаардлагатай тохиолдолд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас тухайн хүүхдийн аж байдалтай танилцах, түүнтэй ярилцах боломжоор хангах.

Асуулт 5: Гадаад улсад суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтийг хаана гаргах вэ?

Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтийг Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын байгууллагад гаргана.


http://e-khutuch.mn/guide/print/31/292/all