ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын эрх бүхий байгууллагад гаргана.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны болон байнга оршин суугаа газрынхаа үрчлэлтийн асуудал эрхэлсэн байгууллагаар уламжлан Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд гаргана.

Монгол Улсад 6 сараас доошгүй хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэн хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд  гаргана.

Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авсан гадаадын иргэнд эхний хүүхэд үрчлэн авснаас хойш нэг жилийн дотор тус улсын харьяат хүүхдийг дахин үрчлүүлэхгүй. Энэ нь ихэр хүүхэд эсхүл төрсөн ах, эгч дүү нарыг үрчлэн авахад хамаарахгүй.

Монгол Улсын харьяат хүүхдийг таваас доошгүй жил хамт амьдарсан гэр бүлд, эсхүл ганц бие гадаадын иргэн эмэгтэйд үрчлүүлж болно.

60-аас дээш насны гадаадын иргэн, эцэг эх байх эсэхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж хасуулж байсан, урьд нь үрчилж авсан хүүхдээ өөрийн буруугаас буцааж өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн, хорих ял эдэлж байгаа болон ганц бие эрэгтэй гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхгүй.

Долоо ба түүнээс дээш настай хүүхдийг үрчлүүлэхэд өөрийнх нь зөвшөөрлийг авч энэ тухай тэмдэглэл хөтөлнө.

Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх ерөнхий нөхцөл:  Үрчлэхийг хүсэгч гадаадын иргэн дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

  • хүүхэд үрчлэн авах тухай /гэр бүлтэй бол хамтарч гаргасан/ өргөдөл, түүний албан ёсны орчуулга;
  • иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар;
  • өөрийн болон гэр бүлийн хоёр үеийн намтар, зураг, байнга оршин суугаа газрын болон санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын тодорхойлолт;
  • Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхэд харшлах нөхцөл байхгүй тухай цагдаа, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагын тодорхойлолт;
  • гадаадын харьяат хүүхэд үрчлэхийг болон түүнийг өөрийн улсад нэвтрэн орох, байнга оршин суухыг зөвшөөрсөн үрчлэгчийн харьяалах улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл.

Дээрх баримт бичгийг үрчлэгчийн харьяалах улсын холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтан гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулсан байна.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам хүүхэд үрчлэн авах тухай материалыг хүлээн авч баримт бичиг хангалттай бүрдсэн гэж үзвэл 30 хоногийн дотор үрчлэгдэх хүмүүсийг судлан сонгож дор дурдсан материалыг бүрдүүлэн, үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнд холбогдох байгууллагаар дамжуулан хүргүүлнэ.

  • төрсний гэрчилгээ;
  • бүтэн өнчин, эцэг, эх нь тодорхойгүй хүүхэд үрчлэх бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эсвэл асрамжийн газрын зөвшөөрөл, түүнчлэн эцэг эх нь нас барсныг гэрчлэх баримт бичиг;
  • хагас өнчин хүүхэд үрчлэх бол эцэг, эхийн хүүхдээ үрчлүүлэх тухай бичгээр гаргасан зөвшөөрөл;
  • хүүхдийн эцэг эх сураггүй алга болсон буюу нас барсанд тооцогдсон, эсхүл эцэг эх байх эрхээ хасуулсан бол энэ тухай шүүхийн шийдвэр болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхэд үрчлүүлэх тухай бичгээр гаргасан зөвшөөрөл /эцэг, эх байх эрхийг хассан тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дараа хүүхдийг үрчлүүлнэ/;
  • эцэг эх нь ахуй амьдралын гачигдлаас шалтгаалж хүүхдээ хэвийн өсгөх боломжгүй бол энэ тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн хүүхдээ үрчлүүлэх тухай бичгээр гаргасан зөвшөөрөл;
  • хүүхдийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн байгууллагын дүгнэлт.

Дээрх материалыг хүлээн авсан гадаадын иргэнээс хүүхдийг үрчилж авах тухай санал ирүүлсэн тохиолдолд  Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам өөрийн санал дүгнэлтээ гаргаж холбогдох материалын хамт Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлнэ.

Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх тухай Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны саналыг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газар 30 хоногийн дотор үрчлэлтийн асуудлыг шийдвэрлэж, гаргасан шийдвэрийн талаар гадаад улсын иргэн болон эрх бүхий байгууллагад уламжилна.

Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах зөвшөөрөл авсан гадаадын иргэн, итгэмжлэгдсэн байгууллагатай 3 талт гэрээ байгуулж уг гэрээгээр үрчлэгдсэний дараах хяналтыг хэрэгжүүлнэ. 

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба нь үрчлэгдсэн хүүхдийн талаарх мэдээллийг үрчлэгчийн харьяалах улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын байгууллагад албан ёсоор мэдэгдэнэ.


http://e-khutuch.mn/guide/print/31/292/decide_order