ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын эрх бүхий байгууллагад гаргана.

Асуулт 1: Гадаадын иргэн Монгол Улсын харьяат Хүүхэд үрчлэн авах хүсэлтийг хаана гаргах вэ?

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны үрчлэлтийн асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргана.

Асуулт 2: Гадаадын иргэн Монгол Улсын харьяат Хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргахад ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат Хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Хүүхэд үрчлэн авах тухай /гэр бүлтэй бол хамтран гаргасан/ өргөдөл, түүний албан ёсны орчуулга; 
  2. Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар; 
  3. Өөрийн болон гэр бүлийн 2 үеийн намтар, гэр бүлийн судалгаа, гэрэл зураг; 
  4. Байнга оршин суугаа газрын тодорхойлолт; 
  5. Санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын тодорхойлолт; 
  6. Хүүхэд үрчлэн авахад харшлах нөхцөл байхгүй тухай цагдаа, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагын тодорхойлолт; 
  7. Гадаадын харьяат хүүхэд үрчлүүлэхийг болон түүнийг өөрийн улсад нэвтрэн орох, байнга оршин суухыг зөвшөөрсөн үрчлэгчийн харьяалах улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл. 

Асуулт 3: Гадаадын иргэний Монгол Улсын харьяат Хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хэд хоногийн дотор шийдвэрлэдэг вэ?

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам хүүхэд үрчлэн авах тухай материалыг хүлээн авч баримт бичиг хангалттай бүрдсэн гэж үзвэл 30 хоногийн дотор үрчлэгдэх хүмүүсийг судлан сонгож холбогдох материалыг бүрдүүлэн, үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнд холбогдох байгууллагаар дамжуулан хүргүүлнэ.

Материалыг хүлээн авсан гадаадын иргэнээс хүүхдийг үрчилж авах тухай санал ирүүлсэн тохиолдолд  Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам өөрийн санал дүгнэлтээ гаргаж холбогдох материалын хамт Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлнэ.

Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх тухай Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны саналыг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газар 30 хоногийн дотор үрчлэлтийн асуудлыг шийдвэрлэж, гаргасан шийдвэрийн талаар гадаад улсын иргэн болон эрх бүхий байгууллагад уламжилна.

Асуулт 4: Гадаадын иргэн Монгол Улсын харьяат Хүүхэд үрчлэн авснаар ямар ямар үүрэг хүлээдэг вэ?

Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авагч гадаадын иргэн дараах үүрэг хүлээнэ:

  • хүүхдийг хэвийн өсч бойжих, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах нөхцөлөөр хангах;
  • хүүхдийн эх орон, шаардлагатай бол эцэг, эхийг мэдүүлэх;
  • үрчлэн авсан хүүхдийн талаар 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл хоёр жил тутам Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд мэдээлэл ирүүлэх;
  • шаардлагатай тохиолдолд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас тухайн хүүхдийн аж байдалтай танилцах, түүнтэй ярилцах боломжоор хангах.

Асуулт 5: Гадаад улсад суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтийг хаана гаргах вэ?

Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтийг Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын байгууллагад гаргана.


http://e-khutuch.mn/guide/print/31/292/faq