ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал Хүүхдийн хөгжих эрх

Хүүхдийн эрх

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дараах зүйлүүдэд хамаарах асуудлаар харьяалсан Хүүхдийн эрхийн улсын байцаагчид хандана:

6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих

1. Хүүхдийн эрхийг зөрчиж:

1.1. хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан;

1.2. хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн;

1.3. хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2. Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хүүхдийг:

3.1. өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан;

3.2. бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.23 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зөрчих

1. Хуульд заасан насны хязгаарыг зөрчиж хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийг хамруулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2. Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн, эсхүл хориглосон үйл ажиллагааг явуулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/32/365/advice