ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэх эрх

хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олох, ажлын байраа хадгалах, ахиж дэвших адил боломж олгох, тэгш хандах, тухайн ажил нь өөрийн сонголтод нийцэж, хувь хүний боломж чадварыг харгалзана.

Хуулийн зохицуулалт

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орох, албан тушаал дэвших, цалин хөлс, нөхөн олговор авах, хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бусадтай адил тэгш хамрагдах эрхтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байр нь:
1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны нөхцөл нь тэдний хөдөлмөрлөх чадварт нь тохирсон байна.

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр нь түүнийг орж, гарахад нь саад болохооргүй байдлаар тоноглогдсон байна. /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 16 дугаар зүйл/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ажлын байр нь стандартад нийцэж байгаа эсэхийг  төрийн захиргааны хяналтыг мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч шалгана. /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6 дахь хэсэг/

Аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан хамтын гэрээгээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж тахир дутуу ажилтны амьжиргааг сайжруулах зохицуулалтын харилцааг тусгана. /Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйл/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхэлтийг дэмжих зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажилгүй байгаа иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгож, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар тодорхой санаачилга гаргаж, үр дүнд хүрсэн ажил олгогчийг тусгай болзлын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл шалгаруулж, урамшуулдаг. /Хөдөлмөр эрхэлтийг дэмжих тухай хуулийн  15 дугаар зүйл/

25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна. Заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө. /Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2/ Энэхүү төлбөрийг тухайн орлогыг бүрдүүлсэн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна. /Хөдөлмөр эрхэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг/

Хөгжлийн бэрхшээлтэй, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно. /Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5/

Мөн дараах тохиолдлуудыг хориглоно. Үүнд:

1.ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзах;

2.хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний албан тушаал ахих, дэвших боломжийг хязгаарлах;

3.байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсадыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах;

4.гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах;

5.хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг ялгавартай тогтоох;

6.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон ажлын байрны тохирох хэрэглэгдэхүүн бий болгохгүй байх. /Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйл/

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны долоо хоногийн ажлын цаг 36 цаг хүртэл байх /Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг/ ба ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна. /Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэг/

Монгол Улсын иргэн гадаадад гэрээгээр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь алдсан, тахир дутуу болсон нөхцөлд зуучлах зөвшөөрөл авсан байгууллага холбогдох хохирлыг барагдуулах бөгөөд ар гэрийнхэн нь хүсэлт гаргасан тохиолдолд амь алдсан иргэний цогцсыг Монгол Улсад авчрах зардлыг хариуцна. /Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дэх заалт/

 


http://e-khutuch.mn/guide/print/33/380/law