ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрх

/Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зааврын 3.6-3.7 дахь хэсэгт зааснаар/

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамрагдахад дэмжлэг үзүүлэх: Дэлхий нийтийн боловсролын чиг хандлага нь хөгжлийн бэрхшээл, ядуурал, хүйсийн ялгаа, яс үндэс, шашин шүтлэг зэргээс шалтгаалан нийгмийн үйлчилгээний  гадна үлдэж болзошгүй хүүхдүүдийг бусад хүүхдийн адил чанартай боловсрол эзэмших эрхийг хамгаалсан “Тэгш хамруулан сургах” тогтолцоонд  чиглэж байна.   

Тэгш хамруулан сургах нь тусгай хэрэгцээтэй хүүхдийг ердийн сургуульд хамруулаад зогсох биш, тухайн сургууль нь хүүхдийн өвөрмөц хэрэгцээнд нь нийцсэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж сурах орчин нөхцөлийг бүрдүүлэх  шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасанчлан Монгол улс дахь боловсролын аливаа байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад нийцсэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангах үүрэгтэй юм.

Тэгш хамруулан сургах  ба тохирох хэрэглэгдэхүүн: Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдэд бусад хүүхдүүдийн адилаар сурч боловсрон өдөр тутмын амьдралд оролцох бололцоог олгохдоо  сургуульд  хэт ачаалал дарамт үүсгэхгүйгээр  тохируулга, өөрчлөлтийг хийж сурах орчин нөхцөлийг бүрдүүлж  доорх алхмын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд хүлээн авахад чиглэсэн бэлтгэлийг ханган, тохируулга хийх шаардлагатай. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд элсүүлэх үйл явц: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд элсүүлэх үйл явц нь дараах үйл ажиллагаанаас бүрдэнэ:

  • “Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-ийг сум, хороонд байгуулан, элсэхийг хүссэн хүүхдийн хэрэгцээг тодруулах;
  • Сургууль дотор дэмжлэгийн багийг байгуулах;
  • Хүүхдийн хэрэгцээнд нь нийцсэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангах, үр дүнд хяналт үнэлгээ хийх ;
  • Бусад сурагчид, тэдний эцэг эхийн  ойлголт, оролцоог дээшлүүлэх.

Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл байгуулан, элсэх хүүхдийн хэрэгцээг тогтоох: Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд:

  • Боловсролын хэлтэс/Боловсрол, соёл, урлагийн газрын хариуцсан мэргэжилтэн
  • Салбар комиссын боловсрол хариуцсан мэргэжилтэн
  • Тухайн хүүхдийн суралцах сургуулийн захирал
  • Сургалтын менежер
  • Нийгмийн ажилтан
  • Сургуулийн эмч
  • Хүүхдийн асран хамгаалагч орж болно.

Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл нь хүүхдийн, ар гэрийн амьдрал, суралцахад нь шаардлагатай тохирох хэрэглэгдэхүүн, шийдвэрлэх боломжтой хугацаа, хэн хариуцах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн хичээлээс гадуур шаардлагатай бусад дэмжлэг (эрүүл мэнд, нийгмийн халамж, сэргээн засалт г.м.)-ийн талаар тодруулан Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн  тэмдэглэлийн маягтад тэмдэглэж, ямар сургуульд элсүүлэх, 6 нас хэтэрсэн тохиолдолд хэддүгээр ангид оруулах зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Сургуулийн зүгээс хичээлийн байрныхаа орчин нөхцөл тохиромжгүйгээр шалтаглан хүүхэд авахаас татгалзаж болохгүй. Нөгөөтэйгүүр тохирох хэрэглэгдэхүүнээр хангах тал буюу сургуульд хэт ачаалал, дарамт үүсгэхгүй байдлаар хэрэгжүүлэх боломжтой арга замыг эрэлхийлэх шаардлагатай.

Салбар комиссын шийдвэрийн маягтыг үндэслэн  тухайн хүүхдийн “Хувийн хэрэг”, өмнө нь хамрагдаж байсан (хэрэв боловсролын ямар нэгэн байгууллагад хамрагдаж байсан бол) боловсролын байгууллагын шилжүүлэх бичиг зэргийг хүүхдийн асран хамгаалагч нь авч ирнэ.

Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн хуралд оролцогчид нь тухайн хүүхдийн бодит байдлыг судлахын зэрэгцээ хүүхэд, түүний асран хамгаалагчийн хүсэлтийг судалж үзнэ.

Сургууль дотор дэмжлэгийн багийг байгуулах: Тухайн хүүхдийг хүлээж авсан сургууль нь өөртөө “Дэмжлэгийн баг” байгуулна. Дэмжлэгийн багийн бүрэлдэхүүнд:

  • Сургуулийн удирдлага
  • Нийгмийн ажилтан
  • Сургуулийн эмч
  • Анги удирдсан багш
  • Бусад хичээл заах багш орно. 

Дэмжлэгийн баг нь шаардлагатай хүүхдэд “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө” боловсруулахаас гадна хүүхдийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн тохирох хэрэглэгдэхүүн байгаа эсэхэд хяналт тавина. Тус баг нь улиралд нэг удаа хуралдаж, Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг засаж сайжруулах болон цаашдын чиглэлийг хэлэлцэх ба үр дүнг Боловсролын хэлтэс/Боловсрол, соёл, урлагийн газарт тайлагнана. Сургууль өөрийн дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэх боломжгүй тохиолдолд боловсролын байгууллага, эрүүл мэнд, халамжийн мэргэжилтэн, орон нутгийн нийгэм хамт олонтой хамтран ажиллаж шийдвэрлэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангах, үр дүнд хяналт үнэлгээ хийх: Сургууль нь сурагчдынхаа өвөрмөц хэрэгцээнд нийцсэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангана. Жишээ

Харааны бэрхшээлтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүний жишээ:

Харааны бэрхшээлийн хувьд, сайн хардаггүй (нарийн жижиг хэсгүүдийг сайн хардаггүй, харах талбай багатай гэх мэт), огт хардаггүй зэргээр хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Хөдөлгөөн ихтэй авто зам, анх удаа явж байгаа газарт зорчиход  хүндрэл бэрхшээл тулгарна.

  • Тухайн сурагч брайль үсэг уншиж сурсан бол сурах бичиг, сургалтын материалыг нь брайль үсэгтэй болгоно. Үсэг нь том байх тусам сайн уншдаг бол үсгийг нь томоор бичсэн сургалтын материал ашиглана.
  • Хичээлийн явцад, багш нь “Энэ”, “Тэр”, “Иймэрхүү” гэх мэт заах төлөөний үг ашиглалгүй, тодорхой нэр ашиглан ярина. Мөн самбарт бичсэн зүйлийг уншиж өгнө.
  • Шалгалтын үед тухайн сурагчийн нөхцөл байдалд тохируулан брайль үсэг, томруулсан үсэг ашиглах, эсвэл уншиж өгөх, аудио төхөөрөмж ашиглана.
  • Суралцах явцад хүүхэд тухайн бодит зүйл, эсвэл үзүүлэнд гар хүрэх, барьж үзэх боломжийг аль болох нэмэгдүүлнэ.
  • Сайн хардаггүй бол нэмэлт гэрэлтүүлэг ашиглах, эсвэл суудлын байрлалыг нь өөрчлөх зэргээр анхаарал тавина.
  • Сургуулийн дотоод үйл ажиллагаанд оролцоход нь хялбар болгохын тулд эд зүйлсийг ойлгомжтой байрлуулах, явахад хялбар байлгах үүднээс босго довжоог тэгшлэх, эсвэл хөтөч хавтанцар байрлуулах, анги танхим, өрөөнүүдийн нэр дугаарыг брайль үсгээр бичих, шат гишгүүр коридорыг тод өнгөөр будах зэрэг арга  хэмжээ авна.

Сонсголын бэрхшээлтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүний жишээ:

Сонсголын бэрхшээлийн хувьд сайн сонсдоггүй, огт сонсдоггүй зэргээр хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Өнгөц харахад бэрхшээлтэй гэдэг нь төдийлөн мэдэгдэхгүй тул хүмүүс бараг анзаарахгүй байж болно. “Хүн юм асуугаад байхад үл тоолоо” гэж эндүүрэх хүн ч гарна.

  • Тухайн сурагч дохионы хэл сурсан бол дохионы хэлний орчуулагч, эсвэл тэмдэглэл хөтлөгч ажиллуулна.
  • Хичээлийн явцад, багш нь амны хөдөлгөөнөө тухайн сурагчид харагдахаар ярина.
  • Хэлж тайлбарлах зүйлээ тухайн сурагчид цаасан дээр урьдчилан бичиж өгнө.
  • Тухайн сурагч сайн сонсохгүй гэдгийг ангийн бусад сурагчдад тайлбарлаж өгөх зэргээр сурагчдын сайн харьцааг нь дэмжинэ.
  • Сонсоход хялбар, багшийн амны хөдөлгөөнийг харахад нь хялбар байхыг бодолцсон тухайн сурагчийн суудлын байрлалыг нь тогтооно.

Бие эрхтний бэрхшээлтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүний жишээ:

Бие эрхтний бэрхшээлтэй сурагчид тулгардаг хүндрэл: Алхаж гишгэх, шатаар өгсөж уруудах, сандалд суух, ширээн дээр байгаа зүйлийг авах, хуулж бичих, хооллох зэрэг өдөр тутмын амьдрал, суралцахуйн бүх үйлдэл хөдөлгөөнд, эсвэл заримд нь хүндрэл тулгарна.

  • Үйлдэл хөдөлгөөнд бусдаас илүү цаг зарцуулдаг (Бичих, хувцас солих г.м.) учир цагийн зохицуулалт хийж өгнө.
  • Гараар бичихэд хүндрэлтэй байвал, компьютер ашиглаж болно.
  • Лифт болон налуу зам тавих, эсвэл шат болон коридорын хананд бариул хийж өгнө.

Оюуны бэрхшээлтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүний жишээ: Оюуны бэрхшээлтэй сурагчид тулгардаг хүндрэл: Суралцахуйгаар олж авсан мэдлэг, ур чадвар нь амархан мартагддаг, эсвэл амьдрал дээр бодитоор ашиглаж чаддаггүй. Мөн амжилттай сурсан зүйл цөөн зэргээсээ шалтгаалан өөртөө итгэх, санаачилгаараа хийж сурахад хүндрэлтэй.

  • Ахуй амьдралд хэрэгтэй арга технологи, биеэ авч явах байдалд сургахын зэрэгцээ нийгмийн амьдралын хэв маяг, дүрэм журмыг ойлгуулахад чиглэсэн хичээл зохион байгуулна.
  • Оюуны хөгжилд нь тааруулан, суралцах агуулгад нь өөрчлөлт, тохируулга хийнэ.
  • Хараад ойлгоход нь туслах үүднээс бодит зүйл болон фото зураг, хуваарь зэргийг ашиглана.
  • Өөрийгөө хүлээн зөвшөөрөх мэдрэмжийг нь дээшлүүлэхэд чиглэсэн хичээл зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ.

Аутизмын хүрээний эмгэгтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүний жишээ: Аутизмтай сурагчид тулгардаг хүндрэл: Бусад хүнтэй  харилцахад хүндрэл үүсэх, хэл ярианы хөгжилд нь илт хоцрогдол илрэх, ярьсан зүйлийг өөр утгаар ойлгох, зан үйлийн алхам дараалал болон аргад нь онцгой шинж илрэх тохиолдол гардаг.

  • Суралцах явцдаа “Хэзээ”, “Хаана”, “Юуг”, “Хэрхэн” хийж гүйцэтгэх ёстойг нь ойлгомжтой, нүдэнд нь харагдахуйцаар үзүүлнэ.
  • Аль болох бодит туршлага хуримтлуулах боломжоор хангана.
  • Уурлаж бухимдсан үед нь тайвшруулах боломжтой орон зайг бий болгож өгнө.

Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө: Ердийн сургалтын хөтөлбөрт нийцэхгүй сурагчид Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан сургадаг. Дээр өгүүлсэн “Дэмжлэгийн баг”, хүүхдийн асран хамгаалагч зэрэг холбогдох хүмүүс хамтран Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулснаар тухайн хүүхдийн хэрэгцээг зөв тодорхойлж, урт хугацаанд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Боловсруулах аргачлалыг “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал”-аас үзэж болно. 

Бусад  сурагчид, тэдний эцэг эх, гэр бүлийнхний оролцоог дээшлүүлэх: Тэгш хамруулан сургах боловсролыг бодит ажил болгоход, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг ердийн сургуульд хамруулаад орхих бус, сургууль нь тухайн хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөгдөх шаардлагатай юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тулгардаг саад бэрхшээлийг зөв ойлгон хүлээн авч, хүүхэд бүрийн өвөрмөц байдалд тохирсон харилцааг бүрдүүлэхийн тулд, сургуулийн зүгээс зөвхөн багш, ажилтнууд төдийгүй, бусад хүүхдүүд, сурагчид болон тэдний эцэг эх , гэр бүлд идэвхтэй нөлөөлөн, тэдний оролцоог нь нэмэгдүүлэх нь чухал юм.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/33/381/advice