ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрх

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар "Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй". Мөн тус хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно" гэж заасан байдаг. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 14-16 дугаар зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрхийн талаар нарийвчлан заасан байдаг.

 

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын үндсэн хууль /1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /2016 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2017 оны 321 дүгээр тогтоолын хавсралт “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо,
    хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” /2017 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар” /2018 он/ ЭНД дарж үзнэ үү.

 

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Тухайн шатны боловсролын байгууллага.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусад иргэний хамт сурч боловсрох, мэргэжил эзэмших эрхтэй бөгөөд энэхүү эрхийг нь хангах чиглэлээр төрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:  /Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 14-16 дугаар зүйл/

  • хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нийцүүлэн авьяас билэг, бүтээлч чанар, оюуны болон бие бялдрын чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, орчныг бий болгох;
  • хувь хүний чадамж болон өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хөгжүүлж, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг бэхжүүлэх;
  • бүх шатны боловсролын тогтолцоонд хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох, мэргэжил эзэмших нөхцөлийг бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулах.

Бүх шатны боловсролын байгууллага эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүгнэлтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүүхдийн хөгжлийн цогц хөтөлбөрийг бүх шатны боловсролын байгууллага хэрэгжүүлэх орчныг бүрдүүлж, бэлтгэл ажлыг хангаж, боловсрол эзэмшүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, боловсрох, мэргэжил эзэмших эрхийг хангах чиглэлээр төрөөс дээрх 4 арга хэмжээнээс гадна дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

  • хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тухайн бэрхшээлээс нь үл хамаарч бүх шатны боловсролын байгууллагад бүрэн хамруулах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг тэдний хүйс, оршин суугаа газар, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс үл хамааран бүх шатны боловсролд тэгш хамруулах, тухайн хүүхэд, залуучуудын онцлог, хэрэгцээг харгалзсан боловсролын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, тэдний шаардлагад нийцсэн хичээлийн анги, танхимыг ердийн сургуулиудад зохион байгуулах үүргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээх.

Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсрол эзэмшүүлэх сургалтад хамруулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэхэд нь боловсролын байгууллагын болон нийгмийн ажилтан холбогдох мэдээллээр хангах үүрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах, хөгжүүлэх, бүх шатны боловсрол олгох үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг Засгийн газар батална.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох нөхцөл: Бүх шатны сургалтын байгууллага болон мэргэжил олгох төв нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид амьдрах ухаан, мэргэжлийн ур чадварыг үр дүнтэй эзэмшүүлэх бөгөөд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

  • тухайн суралцагчийн онцлогт тохирсон хамгийн зохистой арга хэлбэрээр боловсрол олгох;
  • хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг онцлог хэрэгцээнд нь тохирох ном, сурах бичиг, гарын авлага, материал, тусгай хэрэглээний сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах;
  • сургалтын тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтыг явуулах;
  • сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээнд нийцсэн заах арга зүй, арга барил эзэмшсэн багш, сурган хүмүүжүүлэгч явуулдаг байх;
  • хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурах идэвх, санаачилгыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, тэдний онцлог хэрэгцээнд нийцүүлэн брайль үсэг, дохионы хэл болон харилцааны бусад арга хэлбэрийг хэрэглэх, орон зай, чиг баримжааны чадвар олгох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бие дааж амьдрах чадвар олгох, бүрэн болон бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн бол цаашид суралцах, эсхүл хөдөлмөр эрхлэх, мэргэжлээ сонгоход нь туслалцаа үзүүлэх;
  • элсэлтийн шалгалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүнд нээлттэй, хүртээмжтэй, онцлог хэрэгцээ, шаардлагыг нь хангасан орчин, нөхцөлд авах;
  • боловсролын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй оюутныг ажил олгогчдод танилцуулах, зуучлах үйл ажиллагааг зохион байгуулах.
  • Бүх шатны сургалтын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн ганцаарчилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тухайн сургалтын байгууллагын мэргэжил арга зүйн зөвлөл, эцэг эхийн оролцоотойгоор боловсруулж батална.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн явц, ахицын өөрчлөлтийг сургууль, цэцэрлэгийн удирдлага эцэг, эхийн оролцоотой хэлэлцэж, дүгнэлтийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисст хүргүүлнэ.

Элсэлтийн шалгалтад тэнцэж, дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагад суралцах эрхтэй болсон хөгжлийн бэрхшээлтэй хүний бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын зардлыг, хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөрийг боловсролын зээлийн сан хариуцна. 

Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагад суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээнд нийцсэн ном, сурах бичиг, тусгай хэрэглээний сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслийг худалдан авах зардлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн тухайн жилийн төсөвт тусгана.

Ном, сурах бичиг, тусгай хэрэглээний сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслийн жагсаалт, зардлын хэмжээ, олгох журмыг боловсрол болон хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь харьяалах засаг захиргааны нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны боловсролын байгууллагыг сургалтын орчныг бүрдүүлэхэд зориулж тусгай хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлж, холбогдох зардлыг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын онцлог хэрэгцээг хангах сургалтын хөтөлбөр, ном, сурах бичиг, гарын авлага, дохионы хэлний толь бичиг зохиох, хэвлэх, түгээх, засан сайжруулах, брайль болон программ хангамжийг монгол хэл рүү хөрвүүлэх, сургалтын тоног төхөөрөмжийг худалдан авах болон шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.

Багшийн мэргэжил:

Багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчтай ажиллах агуулга, арга зүйг тусгана. 

Бүх шатны боловсрол олгох сургалтын байгууллагын багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн заах арга зүй, арга барилыг эзэмшсэн байна.

Заах арга зүй, арга барилыг олгох сургалт болон зөвлөх үйлчилгээг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллага гүйцэтгэж болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох багш, хэл засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, дохионы хэлний багш, сэтгэл зүйч, арга зүйчийг сургалтын төрийн сангийн зардлаар дотоод, гадаадад сургаж бэлтгэнэ.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурч боловсрох талаарх хүсэлтийг тухайн шатны боловсролын байгууллага хүлээн авч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. 

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Хөгжлийн бэрхшээлтэй хүн иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хуульд заасан эрхийг хязгаарласан, ялгаварлан гадуурхах үйл ажиллагааг явуулсан гэж үзвэл хөндөгдсөн эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах эрхээ шууд болон төлөөллөөрөө дамжуулан хэрэгжүүлнэ. Энэ талаарх гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтан, байгууллага, дээд шатны байгууллагад гаргана. Шийдвэрийг эс зөвшөөрвөл  захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах эрх нээлттэй.

/Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зааврын 3.6-3.7 дахь хэсэгт зааснаар/

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамрагдахад дэмжлэг үзүүлэх: Дэлхий нийтийн боловсролын чиг хандлага нь хөгжлийн бэрхшээл, ядуурал, хүйсийн ялгаа, яс үндэс, шашин шүтлэг зэргээс шалтгаалан нийгмийн үйлчилгээний  гадна үлдэж болзошгүй хүүхдүүдийг бусад хүүхдийн адил чанартай боловсрол эзэмших эрхийг хамгаалсан “Тэгш хамруулан сургах” тогтолцоонд  чиглэж байна.   

Тэгш хамруулан сургах нь тусгай хэрэгцээтэй хүүхдийг ердийн сургуульд хамруулаад зогсох биш, тухайн сургууль нь хүүхдийн өвөрмөц хэрэгцээнд нь нийцсэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж сурах орчин нөхцөлийг бүрдүүлэх  шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасанчлан Монгол улс дахь боловсролын аливаа байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад нийцсэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангах үүрэгтэй юм.

Тэгш хамруулан сургах  ба тохирох хэрэглэгдэхүүн: Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдэд бусад хүүхдүүдийн адилаар сурч боловсрон өдөр тутмын амьдралд оролцох бололцоог олгохдоо  сургуульд  хэт ачаалал дарамт үүсгэхгүйгээр  тохируулга, өөрчлөлтийг хийж сурах орчин нөхцөлийг бүрдүүлж  доорх алхмын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд хүлээн авахад чиглэсэн бэлтгэлийг ханган, тохируулга хийх шаардлагатай. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд элсүүлэх үйл явц: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд элсүүлэх үйл явц нь дараах үйл ажиллагаанаас бүрдэнэ:

  • “Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-ийг сум, хороонд байгуулан, элсэхийг хүссэн хүүхдийн хэрэгцээг тодруулах;
  • Сургууль дотор дэмжлэгийн багийг байгуулах;
  • Хүүхдийн хэрэгцээнд нь нийцсэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангах, үр дүнд хяналт үнэлгээ хийх ;
  • Бусад сурагчид, тэдний эцэг эхийн  ойлголт, оролцоог дээшлүүлэх.

Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл байгуулан, элсэх хүүхдийн хэрэгцээг тогтоох: Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд:

  • Боловсролын хэлтэс/Боловсрол, соёл, урлагийн газрын хариуцсан мэргэжилтэн
  • Салбар комиссын боловсрол хариуцсан мэргэжилтэн
  • Тухайн хүүхдийн суралцах сургуулийн захирал
  • Сургалтын менежер
  • Нийгмийн ажилтан
  • Сургуулийн эмч
  • Хүүхдийн асран хамгаалагч орж болно.

Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл нь хүүхдийн, ар гэрийн амьдрал, суралцахад нь шаардлагатай тохирох хэрэглэгдэхүүн, шийдвэрлэх боломжтой хугацаа, хэн хариуцах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн хичээлээс гадуур шаардлагатай бусад дэмжлэг (эрүүл мэнд, нийгмийн халамж, сэргээн засалт г.м.)-ийн талаар тодруулан Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн  тэмдэглэлийн маягтад тэмдэглэж, ямар сургуульд элсүүлэх, 6 нас хэтэрсэн тохиолдолд хэддүгээр ангид оруулах зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Сургуулийн зүгээс хичээлийн байрныхаа орчин нөхцөл тохиромжгүйгээр шалтаглан хүүхэд авахаас татгалзаж болохгүй. Нөгөөтэйгүүр тохирох хэрэглэгдэхүүнээр хангах тал буюу сургуульд хэт ачаалал, дарамт үүсгэхгүй байдлаар хэрэгжүүлэх боломжтой арга замыг эрэлхийлэх шаардлагатай.

Салбар комиссын шийдвэрийн маягтыг үндэслэн  тухайн хүүхдийн “Хувийн хэрэг”, өмнө нь хамрагдаж байсан (хэрэв боловсролын ямар нэгэн байгууллагад хамрагдаж байсан бол) боловсролын байгууллагын шилжүүлэх бичиг зэргийг хүүхдийн асран хамгаалагч нь авч ирнэ.

Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн хуралд оролцогчид нь тухайн хүүхдийн бодит байдлыг судлахын зэрэгцээ хүүхэд, түүний асран хамгаалагчийн хүсэлтийг судалж үзнэ.

Сургууль дотор дэмжлэгийн багийг байгуулах: Тухайн хүүхдийг хүлээж авсан сургууль нь өөртөө “Дэмжлэгийн баг” байгуулна. Дэмжлэгийн багийн бүрэлдэхүүнд:

  • Сургуулийн удирдлага
  • Нийгмийн ажилтан
  • Сургуулийн эмч
  • Анги удирдсан багш
  • Бусад хичээл заах багш орно. 

Дэмжлэгийн баг нь шаардлагатай хүүхдэд “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө” боловсруулахаас гадна хүүхдийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн тохирох хэрэглэгдэхүүн байгаа эсэхэд хяналт тавина. Тус баг нь улиралд нэг удаа хуралдаж, Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг засаж сайжруулах болон цаашдын чиглэлийг хэлэлцэх ба үр дүнг Боловсролын хэлтэс/Боловсрол, соёл, урлагийн газарт тайлагнана. Сургууль өөрийн дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэх боломжгүй тохиолдолд боловсролын байгууллага, эрүүл мэнд, халамжийн мэргэжилтэн, орон нутгийн нийгэм хамт олонтой хамтран ажиллаж шийдвэрлэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангах, үр дүнд хяналт үнэлгээ хийх: Сургууль нь сурагчдынхаа өвөрмөц хэрэгцээнд нийцсэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангана. Жишээ

Харааны бэрхшээлтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүний жишээ:

Харааны бэрхшээлийн хувьд, сайн хардаггүй (нарийн жижиг хэсгүүдийг сайн хардаггүй, харах талбай багатай гэх мэт), огт хардаггүй зэргээр хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Хөдөлгөөн ихтэй авто зам, анх удаа явж байгаа газарт зорчиход  хүндрэл бэрхшээл тулгарна.

  • Тухайн сурагч брайль үсэг уншиж сурсан бол сурах бичиг, сургалтын материалыг нь брайль үсэгтэй болгоно. Үсэг нь том байх тусам сайн уншдаг бол үсгийг нь томоор бичсэн сургалтын материал ашиглана.
  • Хичээлийн явцад, багш нь “Энэ”, “Тэр”, “Иймэрхүү” гэх мэт заах төлөөний үг ашиглалгүй, тодорхой нэр ашиглан ярина. Мөн самбарт бичсэн зүйлийг уншиж өгнө.
  • Шалгалтын үед тухайн сурагчийн нөхцөл байдалд тохируулан брайль үсэг, томруулсан үсэг ашиглах, эсвэл уншиж өгөх, аудио төхөөрөмж ашиглана.
  • Суралцах явцад хүүхэд тухайн бодит зүйл, эсвэл үзүүлэнд гар хүрэх, барьж үзэх боломжийг аль болох нэмэгдүүлнэ.
  • Сайн хардаггүй бол нэмэлт гэрэлтүүлэг ашиглах, эсвэл суудлын байрлалыг нь өөрчлөх зэргээр анхаарал тавина.
  • Сургуулийн дотоод үйл ажиллагаанд оролцоход нь хялбар болгохын тулд эд зүйлсийг ойлгомжтой байрлуулах, явахад хялбар байлгах үүднээс босго довжоог тэгшлэх, эсвэл хөтөч хавтанцар байрлуулах, анги танхим, өрөөнүүдийн нэр дугаарыг брайль үсгээр бичих, шат гишгүүр коридорыг тод өнгөөр будах зэрэг арга  хэмжээ авна.

Сонсголын бэрхшээлтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүний жишээ:

Сонсголын бэрхшээлийн хувьд сайн сонсдоггүй, огт сонсдоггүй зэргээр хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Өнгөц харахад бэрхшээлтэй гэдэг нь төдийлөн мэдэгдэхгүй тул хүмүүс бараг анзаарахгүй байж болно. “Хүн юм асуугаад байхад үл тоолоо” гэж эндүүрэх хүн ч гарна.

  • Тухайн сурагч дохионы хэл сурсан бол дохионы хэлний орчуулагч, эсвэл тэмдэглэл хөтлөгч ажиллуулна.
  • Хичээлийн явцад, багш нь амны хөдөлгөөнөө тухайн сурагчид харагдахаар ярина.
  • Хэлж тайлбарлах зүйлээ тухайн сурагчид цаасан дээр урьдчилан бичиж өгнө.
  • Тухайн сурагч сайн сонсохгүй гэдгийг ангийн бусад сурагчдад тайлбарлаж өгөх зэргээр сурагчдын сайн харьцааг нь дэмжинэ.
  • Сонсоход хялбар, багшийн амны хөдөлгөөнийг харахад нь хялбар байхыг бодолцсон тухайн сурагчийн суудлын байрлалыг нь тогтооно.

Бие эрхтний бэрхшээлтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүний жишээ:

Бие эрхтний бэрхшээлтэй сурагчид тулгардаг хүндрэл: Алхаж гишгэх, шатаар өгсөж уруудах, сандалд суух, ширээн дээр байгаа зүйлийг авах, хуулж бичих, хооллох зэрэг өдөр тутмын амьдрал, суралцахуйн бүх үйлдэл хөдөлгөөнд, эсвэл заримд нь хүндрэл тулгарна.

  • Үйлдэл хөдөлгөөнд бусдаас илүү цаг зарцуулдаг (Бичих, хувцас солих г.м.) учир цагийн зохицуулалт хийж өгнө.
  • Гараар бичихэд хүндрэлтэй байвал, компьютер ашиглаж болно.
  • Лифт болон налуу зам тавих, эсвэл шат болон коридорын хананд бариул хийж өгнө.

Оюуны бэрхшээлтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүний жишээ: Оюуны бэрхшээлтэй сурагчид тулгардаг хүндрэл: Суралцахуйгаар олж авсан мэдлэг, ур чадвар нь амархан мартагддаг, эсвэл амьдрал дээр бодитоор ашиглаж чаддаггүй. Мөн амжилттай сурсан зүйл цөөн зэргээсээ шалтгаалан өөртөө итгэх, санаачилгаараа хийж сурахад хүндрэлтэй.

  • Ахуй амьдралд хэрэгтэй арга технологи, биеэ авч явах байдалд сургахын зэрэгцээ нийгмийн амьдралын хэв маяг, дүрэм журмыг ойлгуулахад чиглэсэн хичээл зохион байгуулна.
  • Оюуны хөгжилд нь тааруулан, суралцах агуулгад нь өөрчлөлт, тохируулга хийнэ.
  • Хараад ойлгоход нь туслах үүднээс бодит зүйл болон фото зураг, хуваарь зэргийг ашиглана.
  • Өөрийгөө хүлээн зөвшөөрөх мэдрэмжийг нь дээшлүүлэхэд чиглэсэн хичээл зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ.

Аутизмын хүрээний эмгэгтэй сурагчид зориулсан тохирох хэрэглэгдэхүүний жишээ: Аутизмтай сурагчид тулгардаг хүндрэл: Бусад хүнтэй  харилцахад хүндрэл үүсэх, хэл ярианы хөгжилд нь илт хоцрогдол илрэх, ярьсан зүйлийг өөр утгаар ойлгох, зан үйлийн алхам дараалал болон аргад нь онцгой шинж илрэх тохиолдол гардаг.

  • Суралцах явцдаа “Хэзээ”, “Хаана”, “Юуг”, “Хэрхэн” хийж гүйцэтгэх ёстойг нь ойлгомжтой, нүдэнд нь харагдахуйцаар үзүүлнэ.
  • Аль болох бодит туршлага хуримтлуулах боломжоор хангана.
  • Уурлаж бухимдсан үед нь тайвшруулах боломжтой орон зайг бий болгож өгнө.

Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө: Ердийн сургалтын хөтөлбөрт нийцэхгүй сурагчид Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан сургадаг. Дээр өгүүлсэн “Дэмжлэгийн баг”, хүүхдийн асран хамгаалагч зэрэг холбогдох хүмүүс хамтран Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулснаар тухайн хүүхдийн хэрэгцээг зөв тодорхойлж, урт хугацаанд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Боловсруулах аргачлалыг “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал”-аас үзэж болно. 

Бусад  сурагчид, тэдний эцэг эх, гэр бүлийнхний оролцоог дээшлүүлэх: Тэгш хамруулан сургах боловсролыг бодит ажил болгоход, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг ердийн сургуульд хамруулаад орхих бус, сургууль нь тухайн хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөгдөх шаардлагатай юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тулгардаг саад бэрхшээлийг зөв ойлгон хүлээн авч, хүүхэд бүрийн өвөрмөц байдалд тохирсон харилцааг бүрдүүлэхийн тулд, сургуулийн зүгээс зөвхөн багш, ажилтнууд төдийгүй, бусад хүүхдүүд, сурагчид болон тэдний эцэг эх , гэр бүлд идэвхтэй нөлөөлөн, тэдний оролцоог нь нэмэгдүүлэх нь чухал юм.

 

 

Асуулт 1. Манай хүүхэд тэргэнцэр дээр суудаг юм. Хүүхдээ харьяалалын дагуу энгийн сургуульд суралцуулж болох болов уу?
Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаар ерөнхий боловсролын сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байдаг.

Асуулт 2. Би хөгжлийн бэрхшээлтэй. Энэ жил оюутан болох юм. Улсаас ямар нэгэн хөнгөлөлт байдаг болов уу?

Дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг элсүүлэх хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлж, тэнцсэн тохиолдолд тухайн иргэний сургалтын зардлыг сургалтын төрийн сан хариуцдаг.

Асуулт 3. Тусгай сургуулийн сурагчдийг сурах бичиг, сургалтын тоног төхөөрөмж болон шаардагдах хөрөнгийг ямар байгууллага хариуцан зохион байгуулдаг вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын онцлог хэрэгцээг хангах сургалтын хөтөлбөр, ном, сурах бичиг, гарын авлага, дохионы хэлний толь бичиг зохиох, хэвлэх, түгээх, засан сайжруулах, брайль болон программ хангамжийг монгол хэл рүү хөрвүүлэх, сургалтын тоног төхөөрөмжийг худалдан авах болон шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.

Асуулт 4. Хөгжлийн бэрхшээлтэй дүү маань оюутан болж байгаа юм. Улсаас ямар сургалтын төлбөрийн тал дээр хөнгөлөлт байдаг болов уу?

Элсэлтийн шалгалтад тэнцэж, дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагад суралцах эрхтэй болсон хөгжлийн бэрхшээлтэй хүний бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын зардлыг, хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөрийг боловсролын зээлийн сан хариуцдаг.

Асуулт 5.  Тусгай сургуулийн суралцагчийн хоолны зардлыг хаанаас санхүүжүүлдэг вэ?

Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.


http://e-khutuch.mn/guide/print/33/381/all