ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн халамж хүртэх эрх

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 25-26 дугаар зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгаалал хүртэх эрх, Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн талаар зохицуулсан байна.

Харин Нийгмийн халамжийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүн хамрагдахаар заасан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн болон хөгжлийн үйлчилгээ зэргийг илүү нарийвчлан заасан байдаг.

Нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна:

1.нийгмийн халамжийн тэтгэвэр;

2.нийгмийн халамжийн тэтгэмж;

3.нийгмийн халамжийн үйлчилгээ;

4.нийгмийн хөгжлийн үйлчилгээ, үүнээс хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрхтэй. 

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын үндсэн хууль /1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /2016 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн Халамжийн тухай хууль /2012 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль 
  • Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам” /2017 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол Улсын Засгийн газрын тогтоол “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай” /2017 он/  ЭНД  дарж үзнэ үү.

 

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.Үүнд: 

  •  Өргөдөл (маягтын дагуу);
  • 2 хувь зураг;
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт; 6.1.7. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан хүүхдийн тухайд тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар ;
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • 16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт;
  • Сум хорооны амьжиргаагдэмжих зөвлөлийн шийдвэр,Аймаг дүүргийн засаг даргын захирамж,
  • Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр 155000 төгрөгийг сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаанд харъяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.
Асуудлыг шийдвэрлэх дараалал

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгодог хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамж нь дараах төрөлтэй байна. Үүнд: 

  • Түлшний хөнгөлөлт 
  • Протез, ортопедийн хөнгөлөлт
  • Унааны зардлын хөнгөлөлт
  • Бусад хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээнүүд

Түлшний хөнгөлөлт гэдэг нь: Бүрэн хараагүй, хэлгүй, дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд оронн сууцны төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш,худалдан авахад жилд нэг удаа мөнгөн тусламж олгон. 

Протез, ортопедийн хөнгөлөлт гэдэг нь: Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгалын сангаас протез, ортопедтийн хэрэгсэл сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсгээгүй хөлжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезийн үнийг 3жил тутамд нэг удаа, ортопед тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийг 3 жил тутамд нэг удаа нөхөн олгоно. 

Унааны зардал хөнгөлөлт гэдэг нь: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч цэцэрлэг сургуульд ирж, буцах унааны зардлыг жилд нэг удаа хөнгөлөх, эсхүл автобусаар үйлчилнэ. 

- Энэхүү хөнгөлөлтөд хөдөө орон нутгаас аймаг, нийслэлд ирж суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч тус бүрт ирж очих унааны зардлыг жилд нэг удаа орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр олгоно.

 

- Нийслэл болон аймгийн төвд СӨБ-ын байгууллага, ЕБС, МСҮТ, их дээд сургууль, коллежид суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сургуульд нь хүргэж өгч авч байгаа иргэнд Засгын газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоно.

Бусад хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээнүүд гэдэгт дараах үйлчилгээ хамаарана. Үүнд: 

  • Хараагүй хүний брайлын үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл 10 хүртэлх илгээмжийг дотоодын үнэ төлбөргүй явуулж, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгсэлийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлнэ. 
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгоно.\
  • Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ХБ-тэй хүүхэд нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний тусламж олгоно. 
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ноогдох  тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно. 

 

 

 

 

 




 
Асуудлыг шийдвэрлэх хугацаа
  • Сум, хорооны нийгмийн ажилтан нь баримт бичгийн бүрдлийг хянан үзэж,  хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
  • Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүний баримт бичгийг ажлын 5 хоногт багтаан хянан үзэж, тусламж, хөнгөлөлт олгох иргэнд хувийн хэрэг нээж, нэрийн жагсаалтыг баталгаажуулж сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ.
  • Дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтан хөнгөлөлт, тусламж авах иргэний нэрийн жагсаалтыг нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулсан  банкинд хүргүүлнэ.
  • Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн  үнийн хөнгөлөлтийн мөнгийг гэрээ байгуулсан банкаар дамжуулан олгоно.
Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлттэй холбогдсон гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтан, байгууллага, дээд шатны байгууллагад гаргана. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Шүүхэд хандах эрх нээлттэй. 

  • Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
  • Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар,
  • Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс,
  • Суманд хорооны нийгмийн ажилтнаас бүрдэнэ. 

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай холбоо барих 

Улаанбаатар, Хан-Уул дүүрэг , 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөрийн ордон

И-мэйл: info@hudulmur-halamj.gov.mn

Утас: 77315091

  • Бүрэн хараагүй гэдэгт харааны бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан иргэнийг хамруулах ба нэг өрхөд амьдарч байгаа 18 насанд хүрсэн бүрэн хараагүй иргэдэд тус бүрт нь тусламжийг олгоно.
  • Байнгын асаргаа шаардлагатай гэдэгт эдгэшгүй хүнд өвчний болон удаан хугацаагаар эмчлэгдэх өвчний улмаас хооллох, хувцаслах, бие засах зэрэг өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй болж хэвтрийн дэглэмд орж байнгын асаргаа шаардлагатай иргэнийг хэлэх ба уг иргэнд хөнгөлөлтийг олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөх, түлш худалдан авахад олгох тусламжийг уг заалтанд хамаарах хүүхдэд нэгэн адил олгоно.

Дараах материалыг бүрдүүлнэ

- Өргөдөл

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисын шийдвэр

- Иргэнийг байнга асрах, эмнэлэгийн хяналтанд байлгах, шаардлагатай болохыг тогтоосон сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисын тодорхойлолт

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

 

Асуулт 1. Манай хүүхэд харааны бэрхшээлтэй. Би хүүхдээ аваад сувилалд хэвтэх гэсэн юмаа. Улсын төсөвөөс ямар нэгэн хөнгөлөлт, олговор байдаг болов уу?
Дотоодын рашаан сувилалд сувилуулах шаардлагатай дараах хүнд ирж, очих унааны, ор хоногийн зардлыг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар тус тус тооцон доор дурдсан хувиар жилд нэг удаа нөхөн олгоно:
а.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 100 хувь;
б.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран халамжилж яваа нэг иргэнд 50 хувь;
Асуулт 2. Би сонсголын бэрхшээлтэй. Амралтаараа хүүхдийн зусланд амрах гэж байгаа юм. Зусланд амрах хүүхдүүдэд хөнгөлөт үзүүлдэг гэсэн ямар хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн 50 хувийг жилд нэг удаа олгодог.

Асуулт 3.  Гэр харааны бэрхшээлтэй, гэр хороололд амьдардаг. Түлш авахад мөнгөн тусламж үзүүлдэг гэсэн. Энэ тусламжийг авахын тулд ямар материал бүрдүүлэх хэрэгтэй вэ?
Нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
1. өргөдөл (маягтын дагуу);
2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3. 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
4. хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт;
5. аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар;
6. хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
7. иргэнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай болохыг тогтоосон сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч, аймаг, дүүргийн эрүүл мэндийн  байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын тодорхойлолт.
Асуулт 4. Манай хүүхэд тэргэнцэр хэрэглэдэг. Өмнө нь худалдаж авсан тэргэнцэрийнхээ үнийг 2015 онд нөхөн авч байсан. Одоо нилээн муудаад солихоор болсон. Тэнгэнцэрийг ямар хугацаанд хэрэглэсэн бол шинээр авч үниийн дүнг нь нөхөн авч болдог вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар тэргэнцэрийн үнийг гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгодог байна.
Асуулт 5. Би харааны бэрхшээлтэй. Орон нутагт байдаг сувилалын газар сувилуулах гэсэн юм. Замын зардал авч болдог гэсэн. Би авч болох болов уу?
Бүрэн хараагүй хүн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчсон тохиолдолд ирж, буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно. Гол нь эмнэлгийн байгууллагын дүгнэлттэй тохиолдолд нөхөн авч болно.
Асуулт 6. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүн хоол хүнс, хувцас, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй бөгөөд энэхүү эрхийг хангах зорилгоор төрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд тохирсон тусгай хэрэглээний протез, ортопед, ариун цэвэр-эрүүл ахуйн материал, асаргаа сувилгааны болон бусад туслах хэрэгслээр хангах;
2.хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд нь шаардлагатай дэмжлэг үзүүлж, туслах үйлчилгээ авах боломжоор хангах;
3.хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн хамгааллын болон нийгмийн халамжийн хөтөлбөрт хамруулах.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг халамжийн, түрээсийн, ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний болон аймаг, нийслэлийн Засаг даргын жил бүрийн төсөвт тусгана.
Асуулт 7. Монгол Улсын иргэншилтэй биш байнгын оршин суудаг гадаад улсын иргэн нийгмийн халамжийн сангаас тусламж, хөнгөлөлт авч болох болов уу?
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Хөгжлийн бэрхшээлтэй Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд нийгмийн халамжийн сангаас тусламж, хөнгөлөлт авч болно.
Асуулт 8. Манай хүүхэд эмнэлгийн магадлагаагаар усан эмчилгээнд явах гэж байгаа юм. Усан эмчилгээний зардлыг нөхөн авч болдог гэсэн. Хэдэн хувийг нөхөн авдаг вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмнэлгийн магадлагаагаар дотоодод усан эмчилгээ хийлгэсэн бол эмчилгээний төлбөрийн 70 хувийг нөхөн авч болно.
Асуулт 9. Манай хүүхэд дотоодод протез хийлгэсэн юмаа. Одоо хийгэсэн протез нь багадаад солиулах гэж байгаа юм. Нөхөн олговороо авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?
18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезын үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр 100 хувь нөхөн олгодог. Нөхөн олговрыг авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
1. өргөдөл (маягтын дагуу);
2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3. 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
4. хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт;
5. аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар;
6. хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
7. иргэнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай болохыг тогтоосон сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч, аймаг, дүүргийн эрүүл мэндийн  байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын тодорхойлолт.
8. аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын протез хийлгэх шаардлагатай тухай шийдвэр, аймаг, нийслэлд эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн ортопедийн болон тусгай хэрэгсэл шаардлагатай тухай тодорхойлолт, сум, тосгонд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн тодорхойлолт;
9. протез, ортопед, тусгай хэрэгслийн үнийг төлсөн баримт, эсхүл нэхэмжлэл;
Асуулт 10. Хүүхэд маань тусгай сургуулийн бага ангид суралцдаг. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа унааны зардлын хөнгөлөлт авч болдог гэсэн. Энэ хөнгөлөлтийг авахын тулд ямар ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь цэцэрлэг, сургуульд ирж, очих унааны зардлаа хөнгөлүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
1. өргөдөл (маягтын дагуу);
2. 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
3. цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх болон авах асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
4. хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
5. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцаж байгаа сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт;
6. орон нутагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аймаг болон сумын төв, нийслэлд суралцахаар ирсэн тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний асран хамгаалагчийн тээврийн зардал  төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.


http://e-khutuch.mn/guide/print/33/382/all