ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрх

Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын иргэн улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6-7 дугаар зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийн талаар тусгасан байдаг.

 

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын үндсэн хууль /1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /2016 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2017 оны 321 дүгээртогтоолын хавсралт “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” /2017 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар” /2018 он/ ЭНД дарж үзнэ үү.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хуульд заасан эрхийг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үл ялгаварлан гадуурхах: Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.

Түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ.

“тохирох хэрэглэгдэхүүн” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил хүний үндсэн эрх, эрх чөлөөг тэгш эдлэхэд зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөл, үйлчилгээг;

“түгээмэл загвар” гэж нэмэлт тохиргоо, тусгай загвар шаардахгүйгээр бүх хүн ашиглахад тохиромжтой, энгийн бүтээгдэхүүн, программ, орчин болон үйлчилгээний хэв маягийг хэлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний таатай, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, улс төрийн эрхээ эдлэхэд иргэн, хуулийн этгээдийн дараах үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:

  • нийтийн тээврээр зорчих, дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй хүрэх, нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлээгүй байх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүн мэдээлэл авах, бусадтай харилцахад шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлээгүй байх;
  • хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан боловсролын үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, сурч боловсрох сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгэм, хамт олны дунд бие хүн болж төлөвших, хөгжихийг хязгаарлах, ялгавартай хандах;
  • хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгааны улмаас зээл, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн үржихүйн эрхийг өөрийн нь зөвшөөрөлгүйгээр хязгаарлах; 
  • төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд оролцуулахаас татгалзах, зайлсхийх, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхгүй байх. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхээ эдлэхэд иргэн, хуулийн этгээдийн дараах үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:

  • ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзах;
  • хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний албан тушаал ахих, дэвших боломжийг хязгаарлах;
  • байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсдыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах;
  • гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг ялгавартай тогтоох;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон ажлын байрны тохирох хэрэглэгдэхүүн бий болгохгүй байх.

Дараахь үйлдлийг бусад ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:

  • хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь доромжлох, тохуурхах, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл, эцэг эхийг гадуурхах, олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаар буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл, зар сурталчилгаа явуулах, соёл урлагийн бүтээл хийх, хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшилд суурилан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд халдсан аливаа зөвлөгөө өгөх;
  • гэр бүлийн гишүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмээс тусгаарлах, нуух түүнийг нийгмийн харилцаанд оролцохыг аливаа хэлбэрээр хязгаарлах, хөгжүүлэх чадваржуулах үйлчилгээнд хамруулахаас зайлсхийх;
  • хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан хүнийг үр хүүхдээ асрамжид авах эрхийг хязгаарлах.

Төрөөс хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглосон, ялгаварлан гадуурхалтад өртөхөөс нь хамгаалсан нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд эрх тэгш, бүрэн дүүрэн оролцохыг баталгаажуулах зорилгоор тэднийг тохирох хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн амьдралд тэгш оролцох эрхийг нь бодитой хангах зорилгоор онцлогт нь тохируулан авч хэрэгжүүлж байгаа тусгай арга хэмжээг ялгаварлан гадуурхалт гэж үзэхгүй.

Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх: Гэр бүл болон нийгмийн бүхий л хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор төрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

  • төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь ажилтан, албан хаагчдынхаа дунд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах талаар сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах;
  • Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар зөв ойлголтыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн нийтлэл, нэвтрүүлгийн бодлого хэрэгжүүлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх эерэг хандлагыг төлөвшүүлэх асуудлыг бүх шатны боловсролын байгууллагын сурах бичигт тусгайлан тусгаж, сургалт, хичээлийн агуулгаар дамжуулан хэрэгжүүлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх болон төрөөс үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүний гэр бүлд өгөх, сургалт, сурталчилгаа явуулах арга хэмжээг зохион байгуулах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын бие даан амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчныг бүрдүүлэх, түүнд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, гэр бүл, иргэдийн санал санаачлагыг дэмжих замаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаархи эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгыг агуулсан арга хэмжээг зохион байгуулан холбогдох зардлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт тусган шийдвэрлэх.

Дээрх үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын оролцоог хангана.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх болон төрөөс үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүний гэр бүлд өгөх, сургалт, сурталчилгаа явуулах арга хэмжээг зохион байгуулах ажлыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалдаг байгууллагатай гэрээгээр гүйцэтгүүлж болох ба холбогдох зардлыг Нийгмийн халамжийн сангаас гаргана.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрх зөрчигдсөн талаарх өргөдөл, гомдлыг тухайн иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хүлээн авч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. 

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хуульд заасан эрхийг нь хязгаарласан, ялгаварлан гадуурхах үйл ажиллагааг явуулсан гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад хандах бөгөөд тухайн иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрх нээлттэй.

Хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр дараах нийтлэг эрх, үүрэгтэй: /Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43 дугаар зүйл/

  • хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн ажиллах орчныг бүрдүүлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орчин бүрдүүлэхдээ олон улсын чиг хандлагын дагуу түгээмэл загвар хэрэглэхийг эрхэмлэх;
  • нийтийн зориулалттай үйлчилгээний болон бусад байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд дараалал харгалзахгүй үйлчлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн амьдралын идэвхтэй оролцоо, түүний амжилт, бүтээлийг хамт олонд нь сурталчлах, урамшуулах;
  • хөгжлийн бэрхшээлтэй болсон хүнд түүнийг ажиллуулж байсан байгууллагын хувьд тусламж, дэмжлэг үзүүлэх;
  • өөрчлөн зохион байгуулагдсан буюу татан буугдсан бол түүний эрх, үүргийг хүлээж авсан этгээд хөгжлийн бэрхшээлтэй болсон хүнд түүнийг ажиллуулж байсан байгууллагын хувьд тусламж, дэмжлэг үзүүлэх эрх, үүргийг хэрэгжүүлэх; 
  • хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй зүй бусаар харилцах, эрх, эрх чөлөөг нь аливаа хэлбэрээр зөрчихийг үл тэвчих;
  • ажилтан тухайн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон нь шүүхээр тогтоогдсон бол хохирлыг нөхөн төлөх;
  • хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны стандартыг хангаж ажиллах;
  • хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхахаас ангид байх, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр:  /Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн 3.2.7/

  • хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээл, хүйс, нийгмийн байдал болон бусад хүчин зүйлийн улмаас хүнийг ялгаварлан гадуурхсан заалт байгаа эсэхэд үнэлгээ хийж шаардлагатай бол өөрчлөлт оруулах;
  • хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх болон сонгууль зохион байгуулж байгаа хүмүүст хөгжлийн бэрхшээлийн талаар мэдлэг олгох сургалтыг төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сонгуулиа чөлөөтэй өгөх боломж бүрдүүлэх зорилгоор сонгуулийн байрыг хүртээмжтэйгээр тохижуулах;
  • сонгуулийн хуудсыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог хэрэгцээнд тохируулж хэвлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгогдох эрхийг хангах хүрээнд Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуульд үнэлгээ хийж дүгнэлт гаргах.

 

Асуулт 1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварлан гадуурхсан бол хариуцлага хүлээх тогтолцоо байдаг болов уу?

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

Асуулт 2. Манай нөхөр хөгжлийн бэрхшээлтэй. Ажилд олохоор анкет бөглөж, хүний нөөцийн ярилцлага, мэргэжлийн шалгалтад тэнцээд захирлын ярилцлагад орсон юм. Уг ярилцлагаар нөхрийн минь ажил сүүлийн 3 жил ажил хийгээгүй шалтгааныг нь асуухад нь байнгын асаргаа шаардлагатай бдг талаар хэлсэн. Тэгтэл уучлаарай таны хувийн амьдралаас харахад ажилдаа эрч хүч, цагаа гарган ажиллах боломжгүй юм байна гээд ажилд аваагүй. Энэ талаар хориглосон хуулийн зохицуулалт байдаг болов уу?

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарласан иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ.

Асуулт 3. Байгууллагын маань хэлтсийн дарга надад ялгавартай хандаж, бусад албан хаагчийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй өрөвдөлтэй хэмээн хэд хэдэн удаа доромжилж байсан. Энэ хүнд хүлээлгэх хариуцлага байдаг болов уу?

Хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь доромжлох, тохуурхах, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл, эцэг эхийг гадуурхах, олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаар буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл, зар сурталчилгаа явуулах, соёл урлагийн бүтээл хийх, хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшилд суурилан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд халдсан аливаа зөвлөгөө өгсөн увь хүнийг, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтад 14 хоногоос доошгүй хугацаагаар хамруулдаг.

Асуулт 4. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг ямар байгууллага тогтоодог вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг дараах комисс тогтооно:

1. 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс;

2. 16 ба түүнээс дээш насны хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс;

3.хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс.

Асуулт 5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт олон нийтэд нилээн дутмаг байх юм. Энэ ойлголтыг бусдад зөв хүргэхэд төрөөс олон нийтэд чиглэсэн арга хэмжээ байдаг болов уу?

Гэр бүл болон нийгмийн бүхий л хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээ:

1.төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь ажилтан, албан хаагчдынхаа дунд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах талаар сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах;

2.Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар зөв ойлголтыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн нийтлэл, нэвтрүүлгийн бодлого хэрэгжүүлэх;

3.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх эерэг хандлагыг төлөвшүүлэх асуудлыг бүх шатны боловсролын байгууллагын сурах бичигт тусгайлан тусгаж, сургалт, хичээлийн агуулгаар дамжуулан хэрэгжүүлэх;

4.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх болон төрөөс үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүний гэр бүлд өгөх, сургалт, сурталчилгаа явуулах арга хэмжээг зохион байгуулах;

5.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын бие даан амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчныг бүрдүүлэх, түүнд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, гэр бүл, иргэдийн санал санаачлагыг дэмжих замаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаархи эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгыг агуулсан арга хэмжээг зохион байгуулан холбогдох зардлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт тусган шийдвэрлэх. 

 

 


http://e-khutuch.mn/guide/print/33/383/all