ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрх

Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үл ялгаварлан гадуурхах: Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.

Түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ.

“тохирох хэрэглэгдэхүүн” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил хүний үндсэн эрх, эрх чөлөөг тэгш эдлэхэд зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөл, үйлчилгээг;

“түгээмэл загвар” гэж нэмэлт тохиргоо, тусгай загвар шаардахгүйгээр бүх хүн ашиглахад тохиромжтой, энгийн бүтээгдэхүүн, программ, орчин болон үйлчилгээний хэв маягийг хэлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний таатай, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, улс төрийн эрхээ эдлэхэд иргэн, хуулийн этгээдийн дараах үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:

  • нийтийн тээврээр зорчих, дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй хүрэх, нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлээгүй байх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүн мэдээлэл авах, бусадтай харилцахад шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлээгүй байх;
  • хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан боловсролын үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, сурч боловсрох сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгэм, хамт олны дунд бие хүн болж төлөвших, хөгжихийг хязгаарлах, ялгавартай хандах;
  • хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгааны улмаас зээл, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн үржихүйн эрхийг өөрийн нь зөвшөөрөлгүйгээр хязгаарлах; 
  • төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд оролцуулахаас татгалзах, зайлсхийх, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхгүй байх. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхээ эдлэхэд иргэн, хуулийн этгээдийн дараах үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:

  • ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзах;
  • хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний албан тушаал ахих, дэвших боломжийг хязгаарлах;
  • байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсдыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах;
  • гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг ялгавартай тогтоох;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон ажлын байрны тохирох хэрэглэгдэхүүн бий болгохгүй байх.

Дараахь үйлдлийг бусад ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:

  • хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь доромжлох, тохуурхах, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл, эцэг эхийг гадуурхах, олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаар буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл, зар сурталчилгаа явуулах, соёл урлагийн бүтээл хийх, хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшилд суурилан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд халдсан аливаа зөвлөгөө өгөх;
  • гэр бүлийн гишүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмээс тусгаарлах, нуух түүнийг нийгмийн харилцаанд оролцохыг аливаа хэлбэрээр хязгаарлах, хөгжүүлэх чадваржуулах үйлчилгээнд хамруулахаас зайлсхийх;
  • хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан хүнийг үр хүүхдээ асрамжид авах эрхийг хязгаарлах.

Төрөөс хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглосон, ялгаварлан гадуурхалтад өртөхөөс нь хамгаалсан нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд эрх тэгш, бүрэн дүүрэн оролцохыг баталгаажуулах зорилгоор тэднийг тохирох хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн амьдралд тэгш оролцох эрхийг нь бодитой хангах зорилгоор онцлогт нь тохируулан авч хэрэгжүүлж байгаа тусгай арга хэмжээг ялгаварлан гадуурхалт гэж үзэхгүй.

Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх: Гэр бүл болон нийгмийн бүхий л хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор төрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

  • төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь ажилтан, албан хаагчдынхаа дунд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах талаар сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах;
  • Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар зөв ойлголтыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн нийтлэл, нэвтрүүлгийн бодлого хэрэгжүүлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх эерэг хандлагыг төлөвшүүлэх асуудлыг бүх шатны боловсролын байгууллагын сурах бичигт тусгайлан тусгаж, сургалт, хичээлийн агуулгаар дамжуулан хэрэгжүүлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх болон төрөөс үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүний гэр бүлд өгөх, сургалт, сурталчилгаа явуулах арга хэмжээг зохион байгуулах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын бие даан амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчныг бүрдүүлэх, түүнд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, гэр бүл, иргэдийн санал санаачлагыг дэмжих замаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаархи эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгыг агуулсан арга хэмжээг зохион байгуулан холбогдох зардлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт тусган шийдвэрлэх.

Дээрх үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын оролцоог хангана.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх болон төрөөс үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүний гэр бүлд өгөх, сургалт, сурталчилгаа явуулах арга хэмжээг зохион байгуулах ажлыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалдаг байгууллагатай гэрээгээр гүйцэтгүүлж болох ба холбогдох зардлыг Нийгмийн халамжийн сангаас гаргана.


http://e-khutuch.mn/guide/print/33/383/decide_order