ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Сургуулийн өмнөх боловсрол

Сургуулийн өмнөх боловсрол нь бага насны хүүхдийг өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшихэд дэмжин асрах, хамгаалах, хөгжүүлэх, сургалт, үйл ажиллагаагаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд оршино. “Хүүхдийн цэцэрлэг” гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллагыг хэлнэ.

Бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалт нь үндсэн, хувилбарт гэсэн 2 хэлбэртэй.

Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хичээл болон хүүхдийг хөгжүүлэх бусад үйл ажиллагааны цогцыг үндсэн сургалт гэдэг.

Үндсэн сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх “ээлжийн бүлгийн”, “нүүдлийн бүлгийн”, “явуулын багшийн”  сургалтын үйл ажиллагааг хувилбарт сургалт гэдэг.

Сургуулийн өмнөх боловсролын стандартыг  баримтлан танхимын хэлбэрээр хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг  ээлжийн бүлгийн сургалт гэдэг. Энэ сургалт нь нийслэлийн захын хороолол, аймгийн төвийн гэр хорооллын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд зориулагдсан  бөгөөд хагас өдрөөр цэцэрлэг дээр зохион байгуулагддаг.

Сургуулийн өмнөх  боловсролын стандартыг баримтлан гэр бүл, хүүхдэд үйлчлэх сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг нүүдлийн бүлгийн сургалт гэдэг. Энэ нь сумын төвөөс алслагдсан багийн харьцангуй олон айл төвлөрсөн газруудад  нүүдэллэн очиж, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд зориулагдсан сургалт юм. Энэ сургалтад ихэвчлэн 4-5 насны хүүхэд хамрагддаг.

Сургуулийн өмнөх боловсролын стандартыг баримтлан гэр бүлд түшиглэж, хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг явуулын багшийн сургалт гэдэг. Энэ нь багийн төвөөс алслагдсан, ганц нэгээрээ байдаг малчин айл өрхийн хүүхдэд эцэг эхээр нь дамжуулан сургуулийн өмнөх боловсрол олгох сургалт юм. 

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн санхүүжилтээр төлбөртэй цэцэрлэг ажиллуулж болно. Цэцэрлэг нь барилга байгууламж, сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм, нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй мөрдөнө.

Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг: Эцэг, эх, асран хамгаалагч дараахь эрхтэй:

  • Хүүхдэдээ тохирох цэцэрлэгийн хэв шинж, үйлчилгээний хэлбэрийг сонгох;
  • Цэцэрлэгийн сургалтын орчин, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, сургалтын чанартай холбогдсон санал хүсэлт, гомдол гаргах, хяналт тавих;
  • Хүүхдийнхээ эрүүл мэнд, өсөлт хөгжил, боловсролын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө, туслалцаа авах;
  • Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар хяналт тавьж, санал гаргах ;
  • Хүүхдийг сургах үйл ажиллагаатай холбогдуулан өөрөөс гаргасан зардал, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;
  • Цэцэрлэгийг хөгжүүлэх үзэл баримтлал, хөтөлбөр, дүрэм, журам боловсруулах, үйл ажиллагааны чиглэлийг боловсруулах, шийдвэр гаргахад оролцох.

Эцэг, эх, асран хамгаалагч дараахь үүрэгтэй:

  • сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах;
  • хүүхдийг сургуульд элсэхийн өмнөх насанд нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд заавал хамруулах, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангах;
  • хүүхдээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулахын өмнө эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, заавал хийх дархлаажуулалтад хамруулах;
  • сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хүүхдээ хамруулахтай холбогдон гарах тээврийн зардлыг хариуцах;
  • өөрийн ажил, мэргэжлийн онцлогийн дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож, дэмжиж туслах;
  • хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах.
  • хүүхдийн эрүүл, аюулгүй сурч, хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, цэцэрлэгийн эрхлэгчтэй гэрээ байгуулах; хүүхдийнхээ хоолны зардлын тодорхой хувийг хариуцах.

 


http://e-khutuch.mn/guide/print/34/423/advice