ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Сургуулийн өмнөх боловсрол

Сургуулийн өмнөх боловсрол нь бага насны хүүхдийг өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшихэд дэмжин асрах, хамгаалах, хөгжүүлэх, сургалт, үйл ажиллагаагаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд оршино. “Хүүхдийн цэцэрлэг” гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллагыг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор байна.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Цэцэрлэг нь ердийн, тусгай, сувиллын, асрамжийн, халамжийн гэсэн хэв шинжтэй байна” гэж заасан.

”Тусгай цэцэрлэг” гэдэг нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хөгжлийн б‎эрхшээлтэй хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг хэлнэ. Сургуулийн өмнөх боловсролын тусгай цэцэрлэг нь сэргээн засалтын кабинет, танхимтай байна.

“Сувиллын цэцэрлэг” гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны биеийн өсөлт, оюун ухааны хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг;

“Асрамжийн цэцэрлэг” гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны эцэг, эх, асран хамгаалагчгүй болох нь албан ёсоор тогтоогдсон өнчин, хагас өнчин хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг;

“Халамжийн цэцэрлэг” гэж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллагыг хэлнэ.

Сургуулийн өмнөх боловсролд хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны бүх хүүхдийг хамруулна.

 

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

  • Боловсролын тухай хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль (2008 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ЭНД дарж үзнэ үү.
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны  А/118 тоот тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”  ЭНД дарж үзнэ үү.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Монгол Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд нийт төрийн өмчийн 889 хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Цэцэрлэгийн сургалтыг бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгээр зохион байгуулах бөгөөд нэг бүлэгт байх хүүхдийн тоо хангалтгүй байгаа тохиолдолд холимог бүлгийн хэлбэрээр сургалт зохион байгуулж болно.

Цэцэрлэгт хүүхдийг бүртгэх, элсүүлэх, шилжүүлэх, төгсгөх үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулна.

Цэцэрлэг нь хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн бүлгийн хүүхдүүдтэй хамт сургах тохиолдолд хүүхдийн хөгжлийн бэрхшээлд тохирсон ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгийн ердийн бүлгийн хүүхдүүдтэй хамт сургаж болох бөгөөд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүртэл хүүхэд нэг бүлэгт байж болно.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

2016-2017 оны  хичээлийн жилээс төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн.

Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааны цахим бүртгэл тухайн онд зарлагдах бөгөөд зарлагдсан хугацаанд та хүүхдээ бүртгүүлэх хэрэгтэй.

2019 оны тухайд “Цахим бүртгэл” 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилсэн.

Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ.

  1. 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 2 настай хүүхэд бүртгүүлнэ.
  2. 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.
  3. Бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn системд нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарна.
  4. Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  5. Хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  6. Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.

“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн БААСАН гаригийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.

Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг 2019 оны 08 дугаар сарын 26-30-ний өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгуулна.

Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2019 оны 07 дугаар сарын 22-аас зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.

“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн tsetserleg.ulaanbaatar.mn системийн “Шалгах”цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгтээ элссэн эсэхийг шалгах боломжтой.

Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Шинэээр хүүхдээ бүртгүүлэхдээ:

  • Эцэг эхийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар
  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • 2% цээж зураг
  • Сургалтын хэрэглэгдхүүн, ариун цэврийн хэрэгслийг жагсаалтын дагуу бэлтгэх хэрэгтэй.

Зорилтот бүлэгт хамаарах  хүүхдүүд  дараах материалыг бүрдүүлсэн байх хэрэгтэй:

Шалгуур

Бүрдүүлэх материал

 

1

Бүтэн өнчин хүүхэд

Асран хамгаалагч тогтоогдсон

• Асран хамгаалагч тогтоогдсон тухай дүүргийн захирамж
• Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
• Эцэг эхийн нас барсан гэрчилгээ
• Хүүхдийн төрсний гэрчилгээ
• Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
• Холбогдох бусад бичиг баримт

 

 

Асран хамгаалагч тогтоогдоогүй 

• Эцэг эхийн нас барсан гэрчилгээ
• Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх
• Хүүхдийн төрсний гэрчилгээ
• Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
• Холбогдох бусад бичиг баримт

 

2

Хагас өнчин хүүхэд

Эцэг нас барсан

• Эцгийн нас барсаны гэрчилгээ
• Эхийн иргэний үнэмлэх
• Хүүхдийн төрсний гэрчилгээ
• Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
• Холбогдох бусад бичиг баримт

 

Эх нь нас барсан

• Эхийн нас барсаны гэрчилгээ
• Эцгийн иргэний үнэмлэх
• Хүүхдийн төрсний гэрчилгээ
• Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
• Холбогдох бусад бичиг баримт

 

Шүүхийн шийдвэртэй

• Шүүхийн шийдвэр
• Асран хамгаалж буй эцэг болон эхийн иргэний үнэмлэх
• Хүүхдийн төрсний гэрчилгээ
• Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
• Холбогдох бусад бичиг баримт

 

3

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

Эмнэлэг хяналтын комиссын хурлаар тогтоогдсон

• Дүүргийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэр /байнгийн асаргаа, бэрхшээл тодохойлсон/
• Тэтгэвэр тэтгэмжийн дэвтрийн хуулбар 
• Эцэг эх асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
• Хүүхдийн төрсөний гэрчилгээ 
• Гурвалсан гэрээ
•Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт                                                               


 

 

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Тухайн жилийн элсэлт зарлагдсан хугацаагаар тодорхойлогдоно.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Тухайн үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтан, байгууллага, дээд шатны байгууллагад гаргана.

Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа 30 хоног байна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох ба гомдол гаргагчид энэ тухай мэдэгдэнэ.

Бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалт нь үндсэн, хувилбарт гэсэн 2 хэлбэртэй.

Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хичээл болон хүүхдийг хөгжүүлэх бусад үйл ажиллагааны цогцыг үндсэн сургалт гэдэг.

Үндсэн сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх “ээлжийн бүлгийн”, “нүүдлийн бүлгийн”, “явуулын багшийн”  сургалтын үйл ажиллагааг хувилбарт сургалт гэдэг.

Сургуулийн өмнөх боловсролын стандартыг  баримтлан танхимын хэлбэрээр хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг  ээлжийн бүлгийн сургалт гэдэг. Энэ сургалт нь нийслэлийн захын хороолол, аймгийн төвийн гэр хорооллын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд зориулагдсан  бөгөөд хагас өдрөөр цэцэрлэг дээр зохион байгуулагддаг.

Сургуулийн өмнөх  боловсролын стандартыг баримтлан гэр бүл, хүүхдэд үйлчлэх сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг нүүдлийн бүлгийн сургалт гэдэг. Энэ нь сумын төвөөс алслагдсан багийн харьцангуй олон айл төвлөрсөн газруудад  нүүдэллэн очиж, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд зориулагдсан сургалт юм. Энэ сургалтад ихэвчлэн 4-5 насны хүүхэд хамрагддаг.

Сургуулийн өмнөх боловсролын стандартыг баримтлан гэр бүлд түшиглэж, хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг явуулын багшийн сургалт гэдэг. Энэ нь багийн төвөөс алслагдсан, ганц нэгээрээ байдаг малчин айл өрхийн хүүхдэд эцэг эхээр нь дамжуулан сургуулийн өмнөх боловсрол олгох сургалт юм. 

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн санхүүжилтээр төлбөртэй цэцэрлэг ажиллуулж болно. Цэцэрлэг нь барилга байгууламж, сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм, нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй мөрдөнө.

Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг: Эцэг, эх, асран хамгаалагч дараахь эрхтэй:

  • Хүүхдэдээ тохирох цэцэрлэгийн хэв шинж, үйлчилгээний хэлбэрийг сонгох;
  • Цэцэрлэгийн сургалтын орчин, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, сургалтын чанартай холбогдсон санал хүсэлт, гомдол гаргах, хяналт тавих;
  • Хүүхдийнхээ эрүүл мэнд, өсөлт хөгжил, боловсролын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө, туслалцаа авах;
  • Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар хяналт тавьж, санал гаргах ;
  • Хүүхдийг сургах үйл ажиллагаатай холбогдуулан өөрөөс гаргасан зардал, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;
  • Цэцэрлэгийг хөгжүүлэх үзэл баримтлал, хөтөлбөр, дүрэм, журам боловсруулах, үйл ажиллагааны чиглэлийг боловсруулах, шийдвэр гаргахад оролцох.

Эцэг, эх, асран хамгаалагч дараахь үүрэгтэй:

  • сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах;
  • хүүхдийг сургуульд элсэхийн өмнөх насанд нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд заавал хамруулах, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангах;
  • хүүхдээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулахын өмнө эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, заавал хийх дархлаажуулалтад хамруулах;
  • сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хүүхдээ хамруулахтай холбогдон гарах тээврийн зардлыг хариуцах;
  • өөрийн ажил, мэргэжлийн онцлогийн дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож, дэмжиж туслах;
  • хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах.
  • хүүхдийн эрүүл, аюулгүй сурч, хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, цэцэрлэгийн эрхлэгчтэй гэрээ байгуулах; хүүхдийнхээ хоолны зардлын тодорхой хувийг хариуцах.

 

Асуулт 1: Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл хэзээ явагддаг вэ?

Цэцэрлэгийн бүртгэл тухайн онд зарлагддаг бөгөөд та зарлагдсан хугацаанд хүүхдээ бүртгүүлэх боломжтой.

Асуулт 2: Цэцэрлэгт бүртгүүлэхэд ямар материал бүрдүүлдэг вэ?

  • Эцэг эхийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар
  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • 2% цээж зураг
  • Сургалтын хэрэглэгдхүүн, ариун цэврийн хэрэгслийг жагсаалтын дагуу бэлтгэх хэрэгтэй.

Асуулт 3: Хүүхэд цэцэрлэгийн сургалтад хамрагдах нь ямар үр дүнтэй вэ?

Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:

  • бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөж хөгжүүлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал, хэвшилтэй болгох;
  • хэл яриа, сэтгэхүйн чадвар эзэмшүүлэх, хүрээлэн байгаа орчин, юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болгох;
  • хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэн дүрслэн зурах, урлан бүтээх, дуулж хөгжимдөх, бүжиглэх чадвар эзэмшихэд туслах;
  • хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах, харилцааны хэлбэрээс хүчирхийллийг ялгаж, мэдээлэх чадвартай болох, ардын ёс заншлыг танин мэдэхэд нь туслах

Асуулт 4: Цэцэрлэгийн цахим бүртгэлд хамрагдсан ч элсэлтийн эрх авч чадаагүй юм. Өргөдөл хүсэлт хаана гаргах вэ?

Та харъяа дүүргийн Боловсролын хэлтэст хандан өргөдөл гаргах боломжтой.

Асуулт 5: Түр оршин суугаа хаягаараа хүүхдээ цэцэрлэгийн бүртгэлд хамруулж болох уу?

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт “цахим бүртгэл, элсэлт”-ийг зохион байгуулах ажлын зөвлөмжийн дагуу түр оршин суугаа хаягаар бүртгэл хийхгүй.

 


http://e-khutuch.mn/guide/print/34/423/all