ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Бага, дунд боловсрол

Бага, дунд боловсрол гэдэг нь иргэнд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхийг хэлнэ. Бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жилд тус тус эзэмшүүлнэ. Бага боловсролын зорилго: нь эх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвшүүлэх, суурь боловсролын зорилго: нь амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар эзэмшсэн, бие даан бүтээлчээр суралцах чадамжтай иргэн төлөвшүүлэх, бүрэн дунд боловсролын зорилго: нь мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах, суралцах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн ерөнхий суурь чадамжтай иргэн төлөвшүүлэхэд тус тус оршино.

Суралцагчийн эрх, үүрэг: Суралцагч дараахь эрхтэй:

  • Суралцах нөхцөл бололцоогоор хангуулах;
  • Сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгаагүй хичээлээс сонгон судлах;
  • Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих;
  • Суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх;
  • Хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх;
  • Гэрээнд өөрөөр заагаагүй бол сургууль төгсөгч эзэмшсэн буюу сонирхсон мэргэжлийн дагуу эрхлэх ажлаа хөдөлмөрийн зах зээл дээр чөлөөтэй сонгох;
  • Сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;
  • Уламжлалт соёл, зан заншлыг өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах.

Суралцагч дараахь үүрэгтэй:

  • Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших;
  • Багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
  • Бие дааж суралцах арга барилыг эзэмших;
  • Багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх;
  • Сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих.

Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг: Эцэг, эх, асран хамгаалагч дараахь эрхтэй:

  • Хүүхдээ аль сургуульд, ямар хэлбэрээр суралцуулахыг зохих журмын дагуу сонгох;
  • Боловсролын сургалтын байгууллага, багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлт гаргах;
  • Хүүхдийнхээ мэдлэг, чадвар, авьяас, бие, сэтгэцийн талаар сургууль, багшаас гаргасан тодорхойлолттой танилцах.

Эцэг, эх, асран хамгаалагч дараахь үүрэгтэй:

  • Хүүхдийн авьяас, чадварыг бага наснаас нь дэмжин хөгжүүлэх, боловсрол эзэмшихэд нь шаардагдах нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах, мэргэжлээ сонгоход нь хүүхэддээ туслах;
  • Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургууль, багшаас тавьсан шаардлагыг биелүүлэх;
  • Хүүхэддээ 16 хүртэл насанд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх, суралцах хүсэл, сонирхлыг нь хааж боогдуулахгүй байх;
  • Хүүхдийг гэр бүлийн орчинд сургах арга барил эзэмших;
  • Боловсрол эзэмшихэд нь хүүхэддээ байнгын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, урамшуулан дэмжих;
  • Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяасыг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааны үйл явц, үр дүнтэй танилцах.

Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяас, чадварыг хөгжүүлэх асуудлаар боловсролын сургалтын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж болно.


http://e-khutuch.mn/guide/print/34/424/advice