ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Бага, дунд боловсрол

Бага, дунд боловсрол гэдэг нь иргэнд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхийг хэлнэ. Бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жилд тус тус эзэмшүүлнэ. Бага боловсролын зорилго: нь эх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвшүүлэх, суурь боловсролын зорилго: нь амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар эзэмшсэн, бие даан бүтээлчээр суралцах чадамжтай иргэн төлөвшүүлэх, бүрэн дунд боловсролын зорилго: нь мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах, суралцах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн ерөнхий суурь чадамжтай иргэн төлөвшүүлэхэд тус тус оршино.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Иргэн та хүүхдээ ерөнхий боловсролын сургуульд бүртгүүлэх тохиолдолд өөрийн оршин суугаа харъяаллаар тогтоосон хамран сургах тойргийн дагуух ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн бүртгэл зарлагдсан хугацаанд доорх материалыг тухайн сургуулийн бүртгэлийн ажлын хэсгийн  ажилтанд өгч, бүртгүүлнэ. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар
  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материал
  • Шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Эцэг эх болон хүүхэд хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байна.
  • Эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн ажлын хэсэг шийдвэрлэнэ.
  • Эцэг эх хоёр өөр хаягтай бол эхийн хаягаар бүртгүүлнэ. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ. 
  • Сургуулийн ажлын хэсэг бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж, 1-ээс дээш жил тухайн хаяг дээр оршин суусан тохиолдолд шууд бүртгэнэ.
  • Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна.

Суралцагч эзэмшвэл зохих боловсролыг тогтоосон хугацаанаас өмнө эзэмшсэн бол сургуулийн захиргаанд хүсэлт гаргаж анги алгасан суралцаж болно.

Суралцагч нь дараах шаардлагыг хангасан тохиолдолд анги алгасан суралцаж болно.

  • Хот, аймаг, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, 1-3 дугаар байр эзэлсэн байх;
  • Алгасан суралцах ангийнхаа сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн агуулгыг танхимын бус хэлбэрээр бие даан бүрэн эзэмшиж, жилийн эцсээр 100 хувьтай шалгагдсан байх;
  • Мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалтаар бүх хичээлүүдийн үнэлгээ 100 хувьтай шалгагдсан байх.

Суралцагч нь тухайн жилийн 9 дүгээр сарын 10-ны дотор сургуулийн захиргаанд анги алгасан суралцах хүсэлт гаргана.

Сургуулийн захиргаа нь анги алгасан суралцахаар хүсэлт гаргасан суралцагчийн асуудлыг багш нарын зөвлөгөөний хурлаар хэлэлцэж, тэдний санал, дүгнэлтийг үндэслэн суралцагчийн судалгааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн Боловсролын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

Аймаг, нийслэлийн Боловсролын асуудал хариуцсан нэгж нь анги алгасан суралцах хүсэлтийг судлан үзээд мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалт өгөх суралцагчийн нэрсийг гаргаж, 9 дүгээр сарын 25-ны дотор сургуулиудад хүргүүлнэ.

Суралцагчийн мэдлэг, чадварыг сургуулийн захиргааны шийдвэрээр томилогдсон шалгалтын комисс тогтоосон журмын дагуу үнэлж, дүгнэнэ.

Суралцагчаас алгасан суралцах ангийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдээр шалгалт авна.

Боловсролын асуудал хариуцсан нэгжийн даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг жил бүрийн 5 дугаар сарын 10-ны дотор тухайн сургуультай хамтран суралцагчийн алгасан суралцсан ангийн хичээлүүдийн агуулгаар мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалт авна.

Боловсролын асуудал хариуцсан нэгж нь шалгалтын дүн, сургуулийн захиргааны санал, дүгнэлтийг харгалзан суралцагчийг анги алгасуулан дэвшүүлэн суралцуулах асуудлаар эцэслэн шийдвэр гаргана.

Суралцагч нэг сургуулиас нөгөө сургуульд шилжсэн, шилжиж ирсэн тухай бүр хувийн хэргийн зохих хүснэгтэд сургалтын менежер тэмдэглэл хийж, захирал баталгаажуулах;

Суралцагч шилжиж ирсэн тухай мэдээг хүлээн авсан сургууль шилжүүлсэн сургуульд заавал өгнө. Энэ тухай мэдээ ирээгүй тохиолдолд тухайн суралцагчийг шилжүүлсэн сургуулиас завсардсанд тооцох;

Суралцагчийн шилжих өргөдөлд үндэслэн эцэг эх, асран хамгаалагч болон тэдний төлөөлөх хүнд хувийн хэргийг өгнө. Суралцагчийн хувийн хэргийг шилжиж очсон сургуульд хүлээлгэн өгнө.


http://e-khutuch.mn/guide/print/34/424/decide_order