ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Бага, дунд боловсрол

Бага, дунд боловсрол гэдэг нь иргэнд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхийг хэлнэ. Бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жилд тус тус эзэмшүүлнэ. Бага боловсролын зорилго: нь эх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвшүүлэх, суурь боловсролын зорилго: нь амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар эзэмшсэн, бие даан бүтээлчээр суралцах чадамжтай иргэн төлөвшүүлэх, бүрэн дунд боловсролын зорилго: нь мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах, суралцах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн ерөнхий суурь чадамжтай иргэн төлөвшүүлэхэд тус тус оршино.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Ерөнхий боловсролын сургуулийн хэв шинж нь ердийн, төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, тусгай, олон улсын хөтөлбөрийн сургалттай гэсэн хэлбэртэй байна. 

Ерөнхий боловсролын тусгай сургууль: Ерөнхий боловсролын тусгай сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах, чийрэгжүүлэх, бие даалгах үйлчилгээ үзүүлж, бага, суурь, бүрэн дунд боловсрол, мэргэжил эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн.

Ерөнхий боловсролын бусад сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн боловсролын үнэлгээний журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Ерөнхий боловсролын тусгай сургууль нь сэргээн засалтын кабинет, танхимтай байна.

Төрөлжсөн, олон улсын хөтөлбөрийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль:

Урлаг, спорт, зохион бүтээх зэрэг чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг багаас нь хөгжүүлэх зорилгоор байгуулсан ерөнхий боловсролын сургуульд тусгай хөтөлбөрийн дагуу явуулж буй сургалтыг төрөлжсөн сургалт гэнэ.

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан цөм хөтөлбөрийн дагуу явуулж байгаа бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулга бүхий сургалтыг гүнзгийрүүлсэн сургалт гэнэ.

Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь суралцагчид бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын агуулгыг заавал эзэмшүүлнэ.

Төрөлжсөн болон олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.


http://e-khutuch.mn/guide/print/34/424/decide_org