ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Бага, дунд боловсрол

Бага, дунд боловсрол гэдэг нь иргэнд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхийг хэлнэ. Бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жилд тус тус эзэмшүүлнэ. Бага боловсролын зорилго: нь эх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвшүүлэх, суурь боловсролын зорилго: нь амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар эзэмшсэн, бие даан бүтээлчээр суралцах чадамжтай иргэн төлөвшүүлэх, бүрэн дунд боловсролын зорилго: нь мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах, суралцах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн ерөнхий суурь чадамжтай иргэн төлөвшүүлэхэд тус тус оршино.

Асуулт 1. Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл хэзээ явагддаг вэ?

Элсэлтийн бүртгэлийн хугацаа жил бүр өөр өөр зарлагддаг. 2019 оны хувьд 5 дугаар сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд бүртгэсэн.

Асуулт 2. 1 дүгээр ангийн элсэлтийн бүртгэлд бүртгүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар
  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материал
  • Шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

Асуулт 3. ЕБС-ийн 1 дүгээр ангид 5 настай хүүхдийг бүртгэдэг үү?

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/45 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн  удирдамжид зааснаар зөвхөн 2013 оны 01 сарын 01-ны өдрөөс 12 сарын 31-ны өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ гэж заасан.

Асуулт 4. ЕБС-д бүртгүүлэхэд ямар нэг хураамж төлдөг үү?

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр шууд бүртгэж, элсүүлэх бөгөөд  элсэгчдээс бусад төлбөр элсэлтийн хураамж авахгүй.

Асуулт 5: Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид сурах бичгийг төлбөртэй ашигладаг уу?

Бага ангийн сурагчид сурах бичгийг үнэ төлбөргүй ашигладаг.


http://e-khutuch.mn/guide/print/34/424/faq