ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Дээд боловсрол

Дээд боловсрол гэж талуудын зохих эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын тогтолцоонд хамаарах бүрэн дунд боловсролын дараах шатны боловсрол, сургалт эсвэл судалгааг хэлнэ. Дээд боловсролын зорилго нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн иргэнд дээд боловсрол олгоход оршино.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшилтийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлнэ.

Оюутан элсүүлэх ажлыг дараах үе шаттай зохион байгуулна.

  • Шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.
  • Элсэлтийн ерөнхий шалгалт нь  монгол хэл, математик, нийгмийн тухай мэдлэг, Монгол Улсын түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хичээлийн агуулгад үндэслэн бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүх иргэн заавал өгнө.
  • Элсэлтийн Ерөнхий шалгалтыг хичээлийн жилд нэг удаа зохион байгуулна. Ерөнхий шалгалт авах хугацааг боловсролын үнэлгээний байгууллага /цаашид “Боловсролын үнэлгээний төв” гэх/ боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно.
  • Боловсролын үнэлгээний төв элсэлтиин ерөнхий шалгалтыг үндэсний төвшинд зохион байгуулна.
  • Элсэлтийн Ерөнхий шалгалтын дүнгийн тухай баримт бичиг түүнийг олгосон өдрөөс хойш 2 жил 6 сарын хугацаанд хүчинтэй байна.
  • Ерөнхий шалгалт өгч, зохих болзлыг хангасан иргэдийн өргөдлийг дээд боловсролын сургалтын байгууллага хүлээн авч, өөрийн тогтоосон шалгуурыг бүрэн хангасан иргэнийг элсүүлнэ. Дээд боловсролын сургалтын байгууллага ерөнхий шалгалтын онооноос гадна харгалзах өөрийн шалгуур (бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дүн, багш нарын тодорхойлолт, эссе, авьяас чадварын шалгалт, ярилцлага)-ыг тодорхойлон мөрдөж болно.

Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод, шударга, хүртээмжтэй, тэгш байдлыг хангасан байна.

Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн зар сурталчилгаа,  үйл ажиллагаа нь үнэн зөв, цаг үеийн байдалд нийцсэн, ойлгомжтой байж, шалгуулагч бүрэн мэдээлэлтэйгээр сургууль, мэргэжлээ  сонгох боломжийг хангасан байна.

Ерөнхий чиглэлээр эхэлж элсүүлээд сургалтын явцад нарийвчилсан мэргэжлийн чиглэлээ тогтоох нөхцөлтэйгөөр оюутан элсүүлж байгаа дээд боловсролын сургалтын байгууллага нь шалгуур, нөхцөлөө тодорхой томьёолох,  сургалтын хэд дэх жилээс ямар мэргэжлийн чиглэл сонгох боломжтой талаар шалгуулагчдыг мэдээллээр хангах үүрэгтэй.

Дээд боловсролын сургалтын байгууллага нь оюутан элсүүлэх мэргэжил, хяналтын тоо, тухайн мэргэжлээр сурах норматив хугацаа, сургалтын төлбөр, заавал өгөх шалгалт болон шалгалтын оноо, дүнд тавих шаардлага зэрэг  сургууль, мэргэжлээ сонгоход шаардлагатай мэдээллийг сургуулийн цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулна.

Техник тоног төхөөрөмж, программ хангамж, орчин бүрдсэн нөхцөлд ерөнхий шалгалт өгөх, мэргэжил сонгох шалгаруулалтад орох иргэнийг интернетээр бүртгэж  болно.

Дээд боловсролын сургалтын байгууллага нь элсэгч монгол хэл, бичгийн шалгалт болон ерөнхий шалгалтад авсан байх онооны босго тогтоож мөрдөнө. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон үндэсний хэмжээний босго оноог харгалзан сургуулийн оноог тогтооно.

Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол дээд боловсролын сургалтын байгууллагын тогтоосон журмын дагуу элсэнэ

Элсэгчдэд тавих шаардлага: Дээд боловсролын сургалтын байгууллагад бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ.

Элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтыг өгч, босго онооны шаардлагыг  хангана. 

Элсэгч нь мэргэжлийн онцлог, тухайн чиглэлээр суралцах сонирхол, авьяас, бэлтгэл сайтай иргэнийг элсүүлэх зорилгоор дээд боловсролын сургалтын байгууллагаас тавьсан шалгуурыг хангана.

Монгол     улсын     дээд      боловсролын     байгууллагад суралцах хүсэлтэй гадаадын иргэн өөрийн орноос Монгол улсад суугаа    дипломат    төлөөлөгчийн   болон   консулын   байгууллага, суралцах    сургуулийн    захиргаагаар    дамжуулан    дор    дурдсан материалыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлнэ. Үүнд:

  • Хувийн өргөдөл;
  • Анкет;
  •  3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Бүх  шатны  боловсролын  бичиг  баримтын  нотариатаар
    гэрчлүүлсэн хуулбар;
  •  Эрүүл  мэндийн  үзлэгээр  орсон  бичиг баримт  /ДОХ-ын
    шинжилгээ хийлгэсэн бичиг баримт/
  •  Тухайн иргэнийг Монгол улсад суралцуулахаар илгээж буй
    байгууллагын тодорхойлолт;
  •  Гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  •  Хүлээн авах сургуулийн захирлын албан бичиг.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тухайн гадаадын иргэнд Монгол Улсын дээд боловсролын байгууллагад суралцах зөвшөөрөл олгож,  "S" ангиллын сургалтын виз олгуулах тухай хүсэлтээ Гадаадын иргэн, харьяатын газарт албан ёсоор мэдэгдэнэ.

Гадаад оюутны “S” ангиллын виз шинээр хүсэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  • Монгол Улсад суралцуулах эсвэл дадлага хийлгэх байгууллагын хүсэлт албан бичгээр ирүүлэх /албан бичигт: тухайн иргэний нэр, иргэншил, паспортын дугаар, суралцах түвшин, дадлагажигч бол дадлагын ажлын чиглэл, дадлага хийх хугацаа/
  • Уригч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Гадаадын иргэний гадаад паспортын хуулбар /нүүр болон хүчинтэй хугацааг харуулсан хуудас/
  • Байгууллага хоорондын гэрээгаар бол гэрээний хуулбар, хувийн шугамаар суралцах бол хүлээн авагч байгууллагатай хийсэн гэрээ
  • Гадаадаас илгээгч байгууллагын дадлагажигчийн талаарх тодорхойлолт
  • Виз хүсэгчийн өмнөх бүх шатны боловсролын гэрчилгээ болон дүнгийн хавсралтын хуулбар баталгаат орчуулгын хамт
  •  Эрүүл мэндийн үзлэгээр орсон бичиг баримтын хуулбар /сүүлийн 3 сарын дотор хийлгэсэн ХДХВ/ДОХ, сүрьеэ, B, C вирусын шинжилгээ/тамга, гарын үсэгтэй/).

“S” ангиллын оршин суух зөвшөөрөл авах, сунгах хүсэлтэд хавсаргах баримт бичгийн жагсаалт:

  • Монгол Улсад суралцуулах, дадлага хийлгэх байгууллагын хүсэлт албан бичгээр ирүүлэх /албан бичигт: тухайн иргэний нэр, иргэншил, паспортын дугаар, суралцаж буй чиглэл, дамжаа, оршин суух зөвшөөрлийг сунгах хугацаа зэргийг оруулах, виз-ний ангилал солих бол шалтгаанаа тодорхой бичих/
  • Гадаадын иргэний гадаад паспортын хуулбар/ нүүр болон хүчинтэй хугацааг харуулсан хуудас, визтэй хуудас/
  • Гадаадын иргэний Монгол Улсад оршин суух үнэмлэх-ний хуулбар
  • Суралцуулах, дадлага хийлгэх байгууллагаас гадаадын оюутан, дадлагажигчтай байгуулсан гэрээ
  • Тухайн сургуульд амжилттай суралцаж анги дэвшихийг баталсан дүнгийн хуулбар, дадлагажигч бол дадлагын ажлын танилцуулга
  • Сүүлийн 3 сарын дотор хийлгэсэн ХДХВ/ДОХ-ын шинжилгээ (тамга/гарын үсэгтэй)
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хорооны тодорхойлолт/ Баримт бичиг дутуу, зөрчилтэй тохиолдолд зөвшөөрөл хүссэн албан бичгийн хариуг гаргах боломжгүй болно.

http://e-khutuch.mn/guide/print/34/425/decide_order