ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Дээд боловсрол

Дээд боловсрол гэж талуудын зохих эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын тогтолцоонд хамаарах бүрэн дунд боловсролын дараах шатны боловсрол, сургалт эсвэл судалгааг хэлнэ. Дээд боловсролын зорилго нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн иргэнд дээд боловсрол олгоход оршино.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна. Их сургууль, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагчийг оюутан, магистрын шатлалд суралцагчийг магистрант, докторын шатлалд суралцагчийг докторант гэнэ.

Их сургууль нь бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэхээс гадна судалгааны ажил зонхилсон лаборатори бүхий эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдэл хэлбэртэй дээд боловсролын сургалтын байгууллага байх бөгөөд их сургууль нь магистр, докторын сургалт дагнан эрхэлж болно.

Дээд сургууль нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулж бакалаврын сургалт эрхлэх эрх бүхий сургалт-эрдэм шинжилгээний байгууллага мөн. Дээд сургууль нь магистрын сургалт эрхэлж болно.

Коллеж нь дипломын болон бакалаврын сургалт эрхэлдэг сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн байгууллага байна.

Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан

  • Бакалаврын сургалт 120-оос,
  • Магистрын сургалт 150-аас,
  • Докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна.

Дээд  боловсролын  байгууллага нь гадаадын иргэн суралцуулахдаа дараагийн хичээлийн жилд суралцуулах гадаадын иргэдийн материалыг жил бүрийн 6 дугаар сард багтаан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "яам" гэнэ/-д хүргүүлнэ.

Эдгээр материалыг Боловсрол, шинжлэх ухааны яам хянан үзэж, 8 дугаар сард багтаан суралцуулах эсэх тухай шийдвэр гаргана.

Суралцах зөвшөөрөл хүлээн авч, сургалтын визтэй ирсэн гадаадын иргэнийг 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд бүртгүүлж, Монгол улсад оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг тухайн дээд боловсролын байгууллага хариуцана.

 


http://e-khutuch.mn/guide/print/34/425/decide_org