ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Дээд боловсрол

Дээд боловсрол гэж талуудын зохих эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын тогтолцоонд хамаарах бүрэн дунд боловсролын дараах шатны боловсрол, сургалт эсвэл судалгааг хэлнэ. Дээд боловсролын зорилго нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн иргэнд дээд боловсрол олгоход оршино.

Асуулт 1: Их, дээд сургууль, коллежид элсэгчдэд ямар тавигдах шаардлага тавьдаг вэ?

Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшилтийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлнэ. Элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтыг өгч, заасан босго онооны шаардлагыг  хангана. Элсэгч нь мэргэжлийн онцлог, тухайн чиглэлээр суралцах сонирхол, авьяас, бэлтгэл сайтай иргэнийг элсүүлэх зорилгоор дээд боловсролын сургалтын байгууллагаас тавьсан шалгуурыг хангана.

Асуулт 2: Их, дээд сургууль, коллежийн элсэлт, шалгаруулалт хэзээ зохион байгуулагддаг вэ?

Дээд боловсролын сургалтын байгууллага нь оюутан элсүүлэх шалгаруулалтыг элсэлтийн ерөнхий шалгалтын дүн олон нийтэд зарласан өдрөөс эхлэн ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулна.

Асуулт 3: Элсэлтийн ерөнхий шалгалтыг ямар ямар хичээлээр өгдөг вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалт нь монгол хэл, математик, нийгмийн тухай мэдлэг, Монгол Улсын түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хичээлийн I (заавал судлах) ба II (гүнзгийрүүлж сонгон судлах) гэсэн ялгамжтай агуулгад үндэслэн бэлтгэсэн тестийн болон бусад хэлбэртэй байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүх иргэн заавал өгнө.

Асуулт 4: Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн нь ямар хугацаанд хүчинтэй байдаг вэ?

Элсэлтийн Ерөнхий шалгалтын дүнгийн тухай баримт бичиг түүнийг олгосон өдрөөс хойш 2 жил 6 сарын хугацаанд хүчинтэй байна.

Асуулт 5: Их, дээд сургууль, коллежид элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсэж болдог уу?

Иргэнийг их, дээд сургууль, коллежид элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэх хэд хэдэн тохиолдол байдаг. Үүнд:

  • Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших
  • Дипломын боловсролтой, Тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн мэргэжлийнхээ дагуу бакалаврын хөтөлбөрт үндсэн болон цагийн сургалтад элсэх суралцагч;
  • 1 жилийн хөрвөх сургалтанд хамрагдах суралцагч
  • Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж, дүйцүүлсэн батламж авсан иргэн
  • Гадаад улсаас ижил төвшний дээд боловсролын сургалтын байгууллагад шилжин суралцах иргэнийг тус тус элсүүлж болно.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/34/425/faq