ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Дээд боловсрол

Дээд боловсрол гэж талуудын зохих эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын тогтолцоонд хамаарах бүрэн дунд боловсролын дараах шатны боловсрол, сургалт эсвэл судалгааг хэлнэ. Дээд боловсролын зорилго нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн иргэнд дээд боловсрол олгоход оршино.

Хуулийн зохицуулалт

Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар “Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгөөр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй”.

Дээд боловсролын агуулга нь нэгдмэл бөгөөд суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.  

Дээд боловсролын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр хэсэг тус бүрийн агуулга нь дараах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:

  • Ерөнхий суурь хэсгийн агуулга: нь суралцагчид дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх;
  • Мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол- арга зүйн мэдлэг эзэмшүүлэх;
  • Мэргэших хэсгийн агуулга нь суралцагчид нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох.

Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна.

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

  • Боловсролын тухай хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Дээд боловсролын тухай хууль /2002 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль (2011 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 26 –ны өдрийн А/540 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” ЭНД  дарж үзнэ үү.  
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм (2007 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Монгол улсын дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг суралцуулах журам ЭНД дарж үзнэ үү.

http://e-khutuch.mn/guide/print/34/425/law