ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Мэргэжлийн боловсрол, сургалт

Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, түүнчлэн мэргэжлийн сургалт олгох үйл ажиллагааг хамтад нь мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно. “Мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшилтийг хэлнэ. “Техникийн боловсрол” гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшилтийг хэлнэ. “Мэргэжлийн сургалт” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг хэлнэ.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн эрх, үүрэг:

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын тухай хуулийн 45.1-д зааснаас гадна дараах эрхтэй:

  • Сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглах;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад дадлагын ажил хийхдээ үндсэн болон дагалдангийн орон тоон дээр ажилласан бол хөдөлмөрийн хөлс авах, хөнгөлөлт эдлэх;
  • Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг дээд үнэлгээтэй төгсөгч нь шаталсан сургалттай техникийн боловсролын сургалтын байгууллагын дараагийн шатны сургалтад үргэлжлүүлэн суралцах;
  • Засгийн газраас тогтоосон журмын дагуу Боловсролын тухай хуулийн 43.2-т заасан нийгмийн баталгаагаар хангагдах.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын тухай хуулийн 45.2-т зааснаас гадна үйлдвэрлэлийн дадлагын ажлын үед аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, үйлдвэрлэлийн дадлагын ажил хийлгэх асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, сургууль гурван талт гэрээний заалтыг сахин биелүүлэх үүрэгтэй.

Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад дадлагын ажил хийхдээ үндсэн болон дагалдангийн орон тоон дээр ажилласан бол хөдөлмөрийн хөлс авах, хөнгөлөлт эдлэх  эрхийг зөрчсөн албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэлийг боловсролын хяналтын улсын байцаагч ногдуулна.


http://e-khutuch.mn/guide/print/34/426/advice