ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Мэргэжлийн боловсрол, сургалт

Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, түүнчлэн мэргэжлийн сургалт олгох үйл ажиллагааг хамтад нь мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно. “Мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшилтийг хэлнэ. “Техникийн боловсрол” гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшилтийг хэлнэ. “Мэргэжлийн сургалт” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь иргэнийг эзэмшсэн боловсрол, ур чадварын төвшин, хэрэгцээ, сонирхолд нь үндэслэн зохих модулийн сургалтад элсүүлнэ. “Модуль” гэж тодорхой ажил, мэргэжлийн чадамж эзэмшүүлэхэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын нэгж ажилбарыг хэлнэ.

Техникийн боловсролын сургалтын байгууллагад бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоо, элсэлтийн үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам батална.

Ажил, мэргэжлийн тодорхой чадамжийг эзэмших, ур чадвараа дээшлүүлэх, давтан суралцах хүсэлтэй иргэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад нас, боловсролын төвшин харгалзахгүйгээр хөдөлмөр эрхлэх мэргэжлийн болон аж ахуй эрхлэх сургалтад хамрагдана.

Сургалтын байгууллага элсэлтийг доорх хугацаанд зохион байгуулна.

  • Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жил, техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн ангийн элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө;
  • Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн сургалтын элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө болон 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө;
  • Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтын элсэлтийг мэргэжлийн онцлог, ажил олгогчийн захиалгат хугацааг харгалзан уян хатан зохион байгуулах;

Мэргэжлийн сургалтын элсэлтийг хяналтын тоонд тусгахгүй бөгөөд нийгмийн түншлэгчид, ажил олгогчид, үйлдвэр аж ахуйн нэгжийн эрэлт, захиалгын дагуу сургалтын байгууллагын хүчин чадал, орчинд нийцүүлж элсэлтийн хугацааг уян хатан байдлаар зохицуулан зохион байгуулж болно.

Сургалтын байгууллага нь суралцагч элсүүлэх үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, шударга, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж, элсэгчдэд тэгш боломж олгоно.

Элсэгчдэд тавигдах шаардлага: Элсэгч нь эзэмшсэн боловсрол, ур чадварын төвшин, хэрэгцээ, сонирхолын хүрээнд дараах төвшний сургалтанд элсэж болно.

  • Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жилийн сургалтад суурь боловсрол эзэмшсэн иргэн;
  • Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтад насанд хүрэгч иргэн;
  • Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн сургалтад тухайн мэргэжлээр мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтад сурч мэргэжил эзэмшсэн иргэн;
  • Техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн сургалтад бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн;
  • Мэргэжлийн сургалт болон мэргэшүүлэх сургалтад тухайн ажил мэргэжлийн ур чадвар олгох сургалтын хөтөлбөрөөс хамааран тодорхой чадамжийг эзэмших хүсэлтэй иргэн сургалтын байгууллагад элсэнэ.

Сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг элсүүлэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2 дахь хэсгийг үндэслэн элсэгчийн үнэмлэх, шийдвэрийг зохих баримт бичгийн бүрдэлд оруулна.  

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгоно.

Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь танхимын хичээл, үйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажил байна.

Мэргэжлийн боловсрол, сургалт нь өдрийн, оройн, хосмог, хөдөлмөр эрхлэлтийн зэрэг хэлбэртэй байж болно.

  • Өдрийн сургалтаар суралцагчдад сургалтын байгууллага болон үйлдвэрлэл дээр сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулалттайгаар мэргэжил олгоно.
  • Оройн сургалтаар насанд хүрэгч суралцагчдад зохих хуваарийн дагуу мэргэжил, ур чадвар олгоно.
  • Хосмог сургалтаар ажил олгогчийн захиалгаар сургалтын байгууллага, үйлдвэрлэл дээр зохих хуваарийн дагуу мэргэжил, ур чадвар олгоно.
  • Хөдөлмөр эрхлэлтийн сургалтаар тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах зохих ур чадварыг богино хугацаанд олгоно.  

Yйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажлыг сургууль дээрх, ажлын байран дахь, төгсөлтийн өмнөх гэсэн үе шаттайгаар зохион байгуулна.

Үйлдвэрлэлийн дадлагын ажил хийлгэх асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, сургууль гурван талт гэрээ байгуулна.

Тавиас дээш ажилтантай аж ахуйн нэгж суралцагчийн үйлдвэрлэлийн дадлагын ажлыг зохион байгуулж, удирдан чиглүүлэх үүрэг бүхий дадлагажуулагч багш ажиллуулна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь төгсөгчид дараах бичиг баримт олгоно:

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрийг албан болон албан бус сургалтын хэлбэрээр эзэмшиж, үнэлгээнд тэнцсэн иргэнд мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ;
  • Суурь боловсрол эзэмшсэний дараа 2.5-аас доошгүй жил суралцаж мэргэжлийн болон бүрэн дунд боловсролыг хамтад нь эзэмшсэн иргэнд дээрх бичиг баримтаас гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
  • Мэргэжлийн тодорхой төвшний ур чадвар олгох сургалтад хамрагдаж чадамж эзэмшсэн иргэнд чадамжийн гэрчилгээ олгоно.

Тэтгэлэг: Сургалтын байгууллагын мэргэжлийн боловсролын төвшний 2.5 жил, 1 жилийн өдрийн анги, техникийн боловсролын төвшний 3 жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцаж байгаа суралцагчид тэтгэлгийг олгоно. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид хичээлийн жилд сар бүр олгох тэтгэлгийн хэмжээ 100,000 /нэг зуун мянган/ төгрөг байна.

Сургалтын байгууллага нь дараахь шаардлагыг хангасан байна:

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан элсэлтийн хяналтын тоо, мэргэжлийн чиглэлийн дагуу элсэлт зохион байгуулсан байх;                    
  • Сургалтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөөг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан байх.

Суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна:

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичигтэй байх;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх;
  • Сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх;
  • Хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал гэх мэт)-ы улмаас сургалтад хамрагдаагүй нь чөлөөний хуудас, эмнэлгийн магадалгаагаар тодорхойлогдсон байх.

http://e-khutuch.mn/guide/print/34/426/decide_order