ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Мэргэжлийн боловсрол, сургалт

Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, түүнчлэн мэргэжлийн сургалт олгох үйл ажиллагааг хамтад нь мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно. “Мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшилтийг хэлнэ. “Техникийн боловсрол” гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшилтийг хэлнэ. “Мэргэжлийн сургалт” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь чиг үүргээсээ хамааран мэргэжлийн боловсролын, техникийн боловсролын болон мэргэжлийн сургалтын гэсэн ангилалтай байна.

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байна. Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх хугацаа нь 1 жил болон 2,5 жилийн хугацаатай байна.

Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг бие даасан, эсхүл сургалтын бусад байгууллагатай хамтран зохион байгуулж болно.

Техникийн боловсролын сургалтын байгууллагын хэв шинж нь политехник коллеж байна. Техникийн боловсрол эзэмшүүлэх хугацаа нь 1,5 жил болон 3 жилийн хугацаатай байна.

Политехник коллеж нь харьяалалдаа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай байж болно.

Мэргэжлийн сургалтын байгууллага нь үйлдвэрлэлийн харьяалалтай сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн боловсролын төв, тусгай хэрэгцээт боловсролын сургалтын байгууллага зэрэг хэв шинжтэй байж болно.

Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь тусгай зөвшөөрөл авсан байх бөгөөд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөлийг хангаж, сургалтыг дагнасан буюу шаталсан хэлбэрээр зохион байгуулна.

Мэргэжлийн сургалтыг зохих зөвшөөрөл авсан сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, иргэн зохион байгуулж болно.


http://e-khutuch.mn/guide/print/34/426/decide_org