ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Мэргэжлийн боловсрол, сургалт

Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, түүнчлэн мэргэжлийн сургалт олгох үйл ажиллагааг хамтад нь мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно. “Мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшилтийг хэлнэ. “Техникийн боловсрол” гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшилтийг хэлнэ. “Мэргэжлийн сургалт” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг хэлнэ.

Асуулт 1: Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн элсэлт нь хэдэн сард явагддаг вэ?

  • Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жил, техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн ангийн элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө;
  • Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн сургалтын элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө болон 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө;
  • Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтын элсэлтийг мэргэжлийн онцлог, ажил олгогчийн захиалгат хугацааг харгалзан уян хатан зохион байгуулна.

Асуулт 2: Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцахад тавигдах шаардлага байдаг уу?

  • Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жилийн сургалтад суурь боловсрол эзэмшсэн иргэн;
  • Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтад насанд хүрэгч иргэн;
  • Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн сургалтад тухайн мэргэжлээр мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтад сурч мэргэжил эзэмшсэн иргэн;
  • Техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн сургалтад бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн;
  • Мэргэжлийн сургалт болон мэргэшүүлэх сургалтад тухайн ажил мэргэжлийн ур чадвар олгох сургалтын хөтөлбөрөөс хамааран тодорхой чадамжийг эзэмших хүсэлтэй иргэн сургалтын байгууллагад элсэнэ.

Асуулт 3: Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдын тэтгэлгийн хэмжээ хэдэн төгрөг байдаг вэ?

Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоолоор 100000 /зуун мянган төгрөг/ байхаар тогтоосон.

Асуулт 4: Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байр үнэ төлбөртэй байдаг уу?

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрын нийт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг.

Асуулт 5: Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад элсэхэд ямар материал бүрдүүлж өгдөг вэ?

Ямар мэргэжлийн боловсрол, сургалтад хамрагдахаас хамаараад бүрдүүлэх материал өөр өөр байдаг ба нийтэд нь авч үзвэл:

  • Иргэний үнэмлэх
  • Төрсний гэрчилгээний хуулбар
  • Хувийн хэрэг
  • Цээж зураг /3*4/ хэмжээтэй
  • Боловсролын гэрчилгээ /хуулбар/
  • Эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Эрүүл мэндийн дэвтэр
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх

 

 


http://e-khutuch.mn/guide/print/34/426/faq