ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Мэргэжлийн боловсрол, сургалт

Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, түүнчлэн мэргэжлийн сургалт олгох үйл ажиллагааг хамтад нь мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно. “Мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшилтийг хэлнэ. “Техникийн боловсрол” гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшилтийг хэлнэ. “Мэргэжлийн сургалт” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгөөр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй.

Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго: нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэхэд оршино.

Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга: нь суралцагчид ажил, мэргэжлийн үндэсний ангиллаар тодорхойлсон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, төлөвшүүлэхэд чиглэнэ.

Техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга: нь суралцагчид технологийн процессыг удирдах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсгээс бүрдэж, улмаар хэсэг тус бүрийн агуулга нь дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

  • Ерөнхий суурь хэсгийн агуулга: нь суралцагчид мэргэжил, боловсрол, эзэмшихэд шаардлагатай шинжлэх ухаан, техникийн суурь мэдлэг олгох;
  • Мэргэжлийн суурь хэсгийн агуулга: нь суралцагчид үйлдвэрлэл, үйлчилгээ, техник, технологийн чиглэлээр шинэ техник эзэмших, өөрчлөлтөд зохицож хөгжих, тодорхой мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай техникийн суурь мэдлэг, чадвар олгох;
  • Мэргэшүүлэх хэсгийн агуулга: нь суралцагчид мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, дадал эзэмшүүлэх, тухайн мэргэжлээр сонгон мэргэшүүлэх.

Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалттай хослуулан зохион байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд бүрэн дунд боловсролын агуулга нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зорилтод нийцсэн байна.

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

  • Боловсролын тухай хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль (2009 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль (2011 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2022 оны 122 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан  “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам” ЭНД дарж үзнэ үү.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаар тушаалын хавсралт  мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам ЭНД  дарж үзнэ үү.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2017 оны А/50 дугаар тушаалын хавсралт “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн төвшинг үнэлэх, үнэлгээг баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам”  ЭНД   дарж үзнэ үү.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд , боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан  2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн а/505, а/267 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам” ЭНД  дарж үзнэ үү.

 


http://e-khutuch.mn/guide/print/34/426/law