ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Багшийн ёс зүй

Багш мэргэжлийн ёс зүйн асуудлыг багшийн зан төлөв, мэргэжлийн мэдлэг чадвар, нийгмийн өмнө хүлээх үүрэгтэй холбож авч үздэг. Сурган хүмүүжүүлэх ёс суртахуун гэдэг нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны хүрээнд багшийн зан үйлийг зохицуулдаг зарчим, дагаж мөрдөх хэм хэмжээ, үнэлгээний түүхэн ёсоор уламжлагдаж ирсэн систем юм. Багшийн ёс зүй нь мэргэжилдээ хайртай байх, хөдөлмөрийнхөө чанарын төлөө өндөр хариуцлага, ёс суртахууны мэдрэмжийг төлөвшүүлэх, үйл ажиллагааны үр дүн, өгөөжийг дээшлүүлэх хэрэгсэл юм. "Багшийн мэргэжлийн ёс зүй" гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүй: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм нь 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн А/243 тоот тушаалаар батлагдсан. Энэхүү ёс зүйн дүрмийн зорилго: нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах зарчим, даган биелүүлэх ёс зүйн хэм хэмжээг тогтоож, ёс зүйн зарчим, хэм хэмжээ зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалахад  оршино.

Ёс зүйн дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, туслах багш, удирдах болон бусад ажилтан /цэцэрлэгийн арга зүйч, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, номын санч, эмч/ дагаж мөрдөнө.

Зарчим: Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.

  • Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
  • Хүнлэг энэрэнгүй, шударга ёсыг дээдлэх;
  • Мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах;
  • Ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах;
  • Чанартай, хүртээмжтэй боловсролыг эрхэмлэх;
  • Хуулийг чанд сахих, хариуцлагатай байх;
  • Аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх, тэгш байдлыг хангах

Багшийн мэргэжлийн нэр хүндийн баталгаа: Багш, удирдах ажилтан

  • Мэдлэг, боловсрол, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх;
  • Сургалтын ажлыг чанар, үр өгөөжтэй зохион байгуулах;
  • Суралцагчид туслах, үлгэрлэх;
  • Ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх;
  • Хувцаслалт, биеэ зөв авч явахад анхаарах;
  • Баримт нотолгоонд тулгуурласан, үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн үйлчилгээ, зөвлөгөө үзүүлэх.

Эцэг эх, олон нийт

  • Боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчид багшийн нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн үзэх;
  • Багш хууль тогтоомжоор заасан ажил үүргээ гүйцэтгэх үйл явцыг санаатай болон санамсаргүйгээр тасалдуудахгүй байх;

Ёс зүйн хэм хэмжээ: Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх:

  • Хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор хүүхэд, эцэг эх, олон нийт болон хамтран ажиллагчидтай хууль бус санхүү, эд хөрөнгийн харилцааг тэвчих;
  • Хүүхэд, багш болон бусад ажилтны талаар шийдвэр гаргахдаа хувийн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй асуудлыг шийдэхээс татгалзах, урьдчилан сэргийлэх;
  • Байгууллагын эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх;
  • Үндсэн ажлаас гадуур хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад давхар ажил, үүрэг эрхлэхгүй байх;
  • Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал зэргийг худалдан авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах;

Ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх:

  • Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх, сурлагын амжилтыг бодитой үнэлэх;
  • Эцэг, эх, асран хамгаалагч, олон нийт, хамтран ажиллагчдаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүй,адил тэгш хүндэтгэлтэй хандах,хамт олны эв нэгдлийг дээдлэх;
  • Сургууль, багшийн ажлын амжилтыг чухалчлан суралцагчийг олимпиад, уралдаан, тэмцээнд оролцох, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл болон хичээлийн тоогхязгаарлахэсхүл албадлага үзүүлэх үйлдэл гаргахаас зайлсхийх;
  • Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэнд хохирох, бэлгийн дарамтад өртөх, үе тэнгийнхэн болон гадаад орчин, цахим орчны сөрөг нөлөөнд автахыг анхаараагүйгээс тэдний эрх, эрх ашиг хохирох байдалд хүргэхээс сэргийлэх;

Албан тушаалаа урвуулан ашиглахаас сэргийлэх:

  • Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, хамтран ажиллагчдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх;
  • Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх;
  • Хүүхэд, гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагчтай  холбоотой мэдээллийн нууцыг хадгалах;
  • Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх;
  • Удирдах ажилтан нь албан тушаалын давуу талаа ашиглан бусдын нэр хүндэд халдах, хууль бус томилгоо, ажил үүргийн хуваарилалт хийх, үнэлгээ дүгнэлт өгөх зэргээс зайлсхийх, хамт олны дунд таагүй уур амьсгал үүсгэх аливаа үйл, үйлдэлд оролцохгүй, хөхиүлэн дэмжихгүй байх;
  • Удирдах ажилтан нь ашиг сонирхлын зөрчилтэй болон зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлын үед шийдвэр гаргах, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгохтой холбоотой үйлдэл үл гаргах;
  • Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/, сургалтын баримт бичиг/сурагчийн хувийн хэрэг, ангийн журнал/хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, баримт бичиг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй байх;

Албадлага, дарамт үзүүлэхээс сэргийлэх:

  • Сургууль, цэцэрлэгийн нэр барьж сурагч, эцэг, эх, асран хамгаалагчаас хувийн холбогдолтой мэдээлэл гаргаж өгөхийг шаардахгүй байх, хүсээгүй мэдээллийг нь авахгүй байх;
  • Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэл үзүүлэхгүй байх;
  • Хүүхдийн дунд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахдаа сургууль, цэцэрлэгийн нэрийг барьж хүчээр албадахгүй байх;
  • Чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хувийн үзэл бодол, улс төрийн байр сууриа хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, хамт олонд тулган хүлээлгэхгүй, уриалахгүй байх;
  • Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах;
  • Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах.

Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх:

  • ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж, хээл хахууль авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх;
  • Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх;
  • Хуульд заасан төлбөр, хураамж, хандив, хөрөнгийн зарцуулалттай холбоотой тайлан мэдээг цаг тухайд нь шударга, ил тод тайлагнадаг байх;

Ёс зүйн дүрмийн хэрэгжилт

  • Ажил олгогч энэхүү ёс зүйн дүрмийг багш, удирдах болон бусад ажилтанд танилцуулж, ёс зүйн дүрмийг мөрдүүлж хэрэгжүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
  • Ажил олгогч ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах, хариуцлага хүлээлгэх талаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, багш, удирдах болон бусад ажилтны хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээнд тусгана.
  • Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх ёс зүйн зөвлөл хяналт тавьж, мониторинг хийж ажиллана. 

Их, дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёс зүй: Их дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёс зүйн ерөнхий дүрэм нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 482 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан.

Энэхүү дүрмийн зорилго: нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалт, судалгааны ажлын хамгийн дээд төвшний стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй (биеэ авч явах ёс зүй)-н хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино.    

Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ: Багш суралцагчдаа бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, суралцагч сурахын төлөө  чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлнэ. Багш хичээлээ мэргэжлийн дээд төвшинд заана. Багш суралцагчид хувь хүний нь хувьд хүндэтгэл үзүүлэн тэднийг сурах үйл ажиллагааг  чиглүүлэн удирдагч, зөвлөгч байх ёстой. Багш суралцагчийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодитой, шударга үнэлдэг байна. Багш суралцагч хоорондын харилцаанд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ. Суралцагчийг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийнэ.

Багшлах үйл ажиллагааны зохисгүй хэлбэрүүд:

  • Багшлах үүргээ биелүүлэхгүй байх:
    суралцагчийг дур зоргоороо  хичээлд оруулахгүй байх;
  • Хичээлд холбогдолгүй материалыг сургалтад ихээр ашиглах
  • Хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг зохицуулсан  журмыг зөрчих;
  • Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгүй шалгуураар дүгнэх;
  • Суралцагчийн сургалтын үр дүнг үнэлэхийг шалтгаангүйгээр буюу тодорхойгүй хугацаагаар дур мэдэн хойшлуулах.

Суралцагчийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах;

Албан тушаал буюу эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхүл хувийн шалтгаанаар суралцагчийн санал бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах;

Өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, бичмэл материалыг суралцагчдад  тулган зарж, борлуулах.

Багшийн мэдлэг, боловсролд тавих ёс зүйн хэм хэмжээ: Багш мэдлэг, боловсролоо  тасралтгүй дээшлүүлж байхын үнэ цэнэд тулгуурласан өөрт оногдох тусгай хариуцлагыг хүлээн зөвшөөрнө. Багшийн заах хичээлтэй холбоотой  үндсэн хариуцлага нь үнэнийг бусдын эрхшээлд авталгүй хайж, түүнийг батлах явдал мөн. Үүний тулд багш нар мэдлэг, боловсрол, заах арга, судалгаа хийх чадвараа  хөгжүүлэн сайжруулахын төлөө өөрийн хүчээ дайчилна. Багш сургуулиас гадуур хийх мэргэжлийн үйл ажиллагаанд байгууллагынхаа тавих шаардлагыг биелүүлнэ.

Ёс зүйн зохисгүй хэлбэр:

  • Багш бусдын зохиол бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар хууль бусаар өөрийн болгох байдлаар нийтээр хүлээн зөвшөөрсөн оюун санааны цэвэр ариун байх ёс дэгийг зөрчих.

Сургалтын байгууллагын ажилтны хувьд тавих ёс зүйн хэм хэмжээ: Дээд боловсролын байгууллагын багш бүтээлч байж, ажил үүргээ мэргэшлийн өндөр төвшинд  санаачлагатай, шударгаар биелүүлэх ёстой.  Багш сургуулийнхаа дүрэм, дотоод журмыг  баримталдаг байна. Багш ажил үйлчилгээгээ түр буюу бүрмөсөн зогсоох тохиолдолд сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилтэд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж, холбогдох албан тушаалтанд урьдчилан мэдэгддэг байна.

Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд:

  • сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах;
  • зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шашны зорилгоор ашиглах;
  • сургуулийн бусад багш, ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу дарамтлах;
  • багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчих;
  • ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх;
  • хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн ойлгуулах.

Хамт ажиллагчидтайгаа харилцахад тавих ёс зүйн хэм хэмжээ: Хамт ажиллагчидтай хүндэтгэлтэй харилцаж, ажил төрлийн холбогдолтой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийднэ. Хамт ажиллаж байгаа хүмүүсийн судалгаа шинжилгээ хийх эрх чөлөөг хүндэтгэнэ. Шүүмжлэл, санал бодлоо солилцохдоо бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандана. Багш сургалтын үүргээ ухамсарлан хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дүгнэлт өгөхдөө бодитой хандах ёстой. Багш оногдсон эрх, үүргийнхээ дагуу сургуулиа удирдах хэрэгт өөрийн оролцоог хангана.

Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд:

  • мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдохгүй шалгуураар багшийн мэргэжлийн чадварыг үнэлэх;
  • хувь хүний нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчих;
  • бусад багшийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах.

Сахилгын шийтгэл, түүнийг шийдвэрлэх:

Багш мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд түүнд сахилгын шийтгэл хүлээлгэнэ.

Дээд боловсролын сургалтын байгууллага бүр Эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэн баталгаажуулсан багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багшид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлэхэд мөрдөх  тусгай журамтай байна.

Мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд тухайн багшид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой заалтыг байгууллагын дотоод журамд тусгасан байна.


http://e-khutuch.mn/guide/print/34/427/decide_order