ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Багшийн ёс зүй

Багш мэргэжлийн ёс зүйн асуудлыг багшийн зан төлөв, мэргэжлийн мэдлэг чадвар, нийгмийн өмнө хүлээх үүрэгтэй холбож авч үздэг. Сурган хүмүүжүүлэх ёс суртахуун гэдэг нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны хүрээнд багшийн зан үйлийг зохицуулдаг зарчим, дагаж мөрдөх хэм хэмжээ, үнэлгээний түүхэн ёсоор уламжлагдаж ирсэн систем юм. Багшийн ёс зүй нь мэргэжилдээ хайртай байх, хөдөлмөрийнхөө чанарын төлөө өндөр хариуцлага, ёс суртахууны мэдрэмжийг төлөвшүүлэх, үйл ажиллагааны үр дүн, өгөөжийг дээшлүүлэх хэрэгсэл юм. "Багшийн мэргэжлийн ёс зүй" гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төвшинд гомдол, хүсэлтийг шийдвэрлэх:

  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн удирдлага гомдлын дагуу багш болон бусад ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хянан шалгуулахаар 3 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон ажиллуулна.
  • Ёс зүйн зөрчлийг хянан шалгахаар томилогдсон ажилтан, ажлын хэсэг нь гомдол, хүсэлттэй холбоотой нотлох баримт цуглуулж, тухайн асуудалд хамааралтай этгээдүүдтэй ярилцлага хийсний үндсэн дээр дүгнэлт, санал гарган Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн захирлын зөвлөлд танилцуулж шийдвэрлэнэ.
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн төвшинд ёс зүйн зөрчилтэй холбогдон гарсан гомдлыг 14 хоногийн дотор шалгаж дүгнэлт гаргана.
  • Сургууль, цэцэрлэгээс гаргасан шийтгэлийг эс зөвшөөрсөн тохиолдолд багш болон бусад ажилтан ёс зүйн зөрчил 3 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн зөвлөлд гомдлоо гаргана.

Зөвлөл гомдол, хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа:

  • Ёс зүйн зөрчил 2 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан, удирдах ажилтны ёс зүйн зөрчилтэй холбогдон гарсан гомдлыг 30 хоногийн дотор шалгаж дүгнэлт гарган холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.
  • Зайлшгүй тохиолдолд гомдлыг шалгах хугацааг 30 хоног сунгаж гомдол гаргагчид албан ёсоор мэдэгдэнэ.
  • Дүгнэлт нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.
  • Зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн эрх бүхий албан тушаалтан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”, Боловсролын тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж, хариу өгнө.
  • Зөвлөл нь дүгнэлтийн дагуу авсан арга хэмжээнд хяналт тавьж ажиллана.

Гомдол гаргагч багш, удирдах болон бусад ажилтан ёс зүйн зөрчил гаргасан талаар гүтгэсэн, худал мэдүүлсэн тохиолдолд түүнд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, учруулсан бодит хохирлыг барагдуулна.


http://e-khutuch.mn/guide/print/34/427/decide_time