ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Багшийн ёс зүй

Багш мэргэжлийн ёс зүйн асуудлыг багшийн зан төлөв, мэргэжлийн мэдлэг чадвар, нийгмийн өмнө хүлээх үүрэгтэй холбож авч үздэг. Сурган хүмүүжүүлэх ёс суртахуун гэдэг нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны хүрээнд багшийн зан үйлийг зохицуулдаг зарчим, дагаж мөрдөх хэм хэмжээ, үнэлгээний түүхэн ёсоор уламжлагдаж ирсэн систем юм. Багшийн ёс зүй нь мэргэжилдээ хайртай байх, хөдөлмөрийнхөө чанарын төлөө өндөр хариуцлага, ёс суртахууны мэдрэмжийг төлөвшүүлэх, үйл ажиллагааны үр дүн, өгөөжийг дээшлүүлэх хэрэгсэл юм. "Багшийн мэргэжлийн ёс зүй" гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

Асуулт 1: Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ёс зүйтэй холбоотой асуудлаар гомдлоо ямар байгууллагад  гаргаж, шийдвэрлүүлэх вэ?

Сайн байна уу? Та ерөнхий боловсролын багшийн ёс зүйн талаарх гомдлоо тухайн сургуулийн удирдлагад маягтын дагуу гаргаж, шийдвэрлүүлнэ.

Асуулт 2: Цэцэрлэгийн багшийн ёс зүйтэй холбогдох гомдлыг хаана хандаж шийдвэрлүүлэх вэ?

Та цэцэрлэгийн багшийн ёс зүйтэй холбогдох асуудлаар тухайн цэцэрлэгийн удирдлагад гомдол, хүсэлт гаргах маягтын дагуу хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ.

Асуулт 3: Ерөнхий боловсролын сургуулийн захирал ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдлыг хаана хандаж, шийдвэрлүүлэх вэ?

Та энэ талаарх хүсэлтээ харьяа аймаг, дүүргийн Засаг даргын дэргэдэх ёс зүйн хороонд гаргаж, шийдвэрлүүлнэ.

Асуулт 4: Багшийн ёс зүй зөрчсөн талаарх гомдлыг хэд хоногийн дотор шийдвэрлэдэг вэ?

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн төвшинд ёс зүйн зөрчилтэй холбогдон гарсан гомдлыг 14 хоногийн дотор шалгаж дүгнэлт гаргана. Харин ёс зүйн зөрчил 2 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан, удирдах ажилтны ёс зүйн зөрчилтэй холбогдон гарсан гомдлыг 30 хоногийн дотор шалгаж дүгнэлт гарган холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.

Асуулт 5: Ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдлыг хэрхэн бичих вэ? 

Ёс зүйн зөрчил гаргасан гэх гомдол /хүсэлт/-ийг доорх маягтын дагуу гаргана.

Огноо:

Нэр, хаяг, утасны дугаар:

Гомдол /хүсэлт/ гаргагчийн имэйл хаяг:

Хариуцагчийн нэр, албан тушаал, ажлын газар:

Гомдол /хүсэлт/-ийн агуулгыг товч танилцуулна уу.

Гомдол/хүсэлт/ гаргаснаар ямар үр дүнд хүрэхийг зорьж буйгаа танилцуулна уу.

Та асуудлыг шийдэхээр оролдлого хийж байсан уу. Дараах арга замуудаас аль нэгийг нь сонгон хэрэглэж үзсэн үү. Тийм бол баталгаажуулна уу.

1.Ёс зүйн зөрчил гаргасан багш, ажилтантай биечлэн уулзаж ярилцсан ч асуудал шийдэгдээгүй.

2.Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн удирдлагатай уулзаж ярилцсан ч асуудал шийдэгдээгүй.

3.Аймаг, нийслэлийн холбогдох албан тушаалтантай уулзаж ярилцсан ч асуудал шийдэгдээгүй.

4.Миний бие Ёс зүйн дүрмийг уншиж танилцсан бөгөөд хамрах асуудал нь мөн хэмээн итгэж байна.

Та ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж буй болон гомдол /хүсэлт/ гаргасан талууд уулзаж болох өдөр сар, газар болон асуудлыг шийдэхэд зайлшгүй шаардлагатай шийдлийг санал болгоно уу. Мөн өөрийн гомдол /хүсэлт/-ийн нотлох баримтыг хавсаргана уу.

Дээр дурдсан бүх мэдээлэл үнэн зөв, бүрэн гэдэгт миний бие өөрийн мэдлэг, мэдээллийн хүрээнд баталж байна.

Гомдол/хүсэлт/ гаргагчийн гарын үсэг:

Гомдол/хүсэлт/ хүлээн авагчийн тэмдэглэгээ зэрэг болно.

 

 

 

 

 


http://e-khutuch.mn/guide/print/34/427/faq