ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Нийгмийн халамжийн тэтгэмж

“Нийгмийн халамжийн тэтгэмж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэнийг асран халамжилж буй иргэнд шаардлагатай хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

"Монгол Улсын Үндсэн хууль"-ийн арван зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасны дагуу эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэнийг асран халамжилж буй иргэнд шаардлагатай хэрэгцээг нь хангах зорилгоор "Нийгмийн халамжийн тухай хууль"-ийн 13 дугаар зүйлд Нийгмийн халамжийн тэтгэмж олгох тухай заасан байдаг.

Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэмж нь "Монгол Улсын Үндсэн хууль", "Нийгмийн халамжийн тухай хууль", "Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам" болон бусад эрх зүйн актаар зохицуулагдана.

Нийгмийн халамжийн тэтгэмж нь дараах төрлүүдтэй байна.

  • Асаргааны тэтгэмж
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж
  • Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж

Асаргааны тэтгэмжийг дараах иргэнд олгоно. 

  • Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа 
  • Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
  • Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
  • Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэн

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмжийг сар бүр олгоно.

Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг дор дурдсан өрх, иргэнд олгоно:

- гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх;

- 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн;

- хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн;

- нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эх;

- байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд Засгийн газраас тогтоосон тухайн үеийн нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний тусламжийг.

- байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэн

-"Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, эсхүл "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонтой эх мөнгөн тусламж давхардуулахгүйгээр.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Гэр бүлийн тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Ахмад настны тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох тухай (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (2021он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмж олгох журам (2012 он) ЭНД дарж үзнэ үү
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Асаргааны тэтгэмж болон онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж:

Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам-ын дагуу иргэн та асаргааны тэтгэмж болон онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж тогтоолгон  авах хүсэлтийг сум, хорооны нийгмийн ажилтан хүлээн авч өөрийн саналын хамт сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Сум, хорооны нийгмийн ажилтан Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр холбогдох бичиг баримтын хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Асаргааны тэтгэмж:

  • Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэн,  "Гэр бүлийн тухай хууль"-ийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн нь "Хүүхэд асран тэтгэх тухай гэрээ" байгуулна. Уг гэрээнд хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, боловсрол олгох нөхцөл, талуудын эрх, үүрэг, хариуцлага, хяналт, гэрээ дуусгавар болох үндэслэлийг тусгана. Гэрээг сум, хорооны Засаг дарга батална.
  • Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа болон Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэнд тэтгэмж олгохдоо сум, хорооны нийгмийн ажилтан нь асрамжилж байгаа болон асруулагч иргэнтэй “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрах тухай гэрээ” байгуулна.
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.6-д заасан байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтыг суманд сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, аймгийн төвийн сум, дүүрэгт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, төрөлхийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэний тодорхойлолтыг аймагт нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, нийслэлд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, байнгын асаргаа шаардлагатай 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын аймаг, дүүргийн орон тооны бус салбар комисс тус тус эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан маягтын дагуу гаргана. 
  • Амьжиргааг дэмжих зөвлөл нь иргэний нөхцөл байдлыг судлаад тэтгэмжид хамруулах эсэх талаар шийдвэр гаргана. Энэхүү журам нь тухайн иргэний бодит нөхцөл, байдалтай нийцэхгүй гэж Амьжиргааг дэмжих зөвлөл дүгнэсэн бол энэ тухай шийдвэртээ тодорхой тусгана.

Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам-ын 2.15-д заасан дүгнэлтийг үндэслэн тухайн иргэнд тэтгэмж олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Онцгой тохиолдлын тэтгэмж авах:

Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр тогтоолгох хүсэлт, шаардлагатай бичиг баримтыг хүлээн авч амьдралын нөхцөлийг судлан үзэж, өөрийн саналаа сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Сум, хорооны нийгмийн ажилтан Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр холбогдох бичиг баримтын хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

  • гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эх өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ хуулбарын хамт,  гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсныг тодорхойлсон мэргэжил (онцгой байдлын асуудал хариуцсан хэлтэс)-ийн байгууллагын дүгнэлт, харьяа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа
  • 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн эцэг, эхийн нас барсны гэрчилгээ, хэрэв хаяж, үрэгдүүлсэн бол иргэний бүртгэл, мэдээллийн байгууллагын архивын лавлагаа, эцэг, эх байх эрхийг нь хассан бол энэ тухай шүүхийн шийдвэр
  • хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэн ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай холбогдох байгууллагын тодорхойлолт, харьяа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа
  •  байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхэд, иргэн, халамжийн тэтгэмж авахдаа хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, эсхүл 16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт, эмчийн тодорхойлолт, жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай болон төрсний дараа хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай суманд бол сумын их эмч, хороонд бол өрхийн эмчийн тодорхойлолт
  • Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, эсхүл “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой эх одонгийн үнэмлэх зэргийг нэмж бүрдүүлнэ.

Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтыг суманд сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, аймгийн төвийн сум, дүүрэгт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, төрөлхийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэний тодорхойлолтыг аймагт нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, нийслэлд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, байнгын асаргаа шаардлагатай 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын аймаг, дүүргийн орон тооны бус салбар комисс тус тус эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан маягтын дагуу гаргана.

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж:

Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнд олгоно.

  • Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрхөд нэг удаа
  • Нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд нэг удаа
  • Хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд нэг удаа
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эхэд нэг удаа
  • Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд засгийн газраас тогтоосон тухайн үеийн нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний тусламжийг сард нэг удаа
  • Байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэнд улиралд нэг удаа;
  • “Эхийн алдар” нэг эсхүл хоёрдугаар зэргийн одонтой эхэд мөнгөн тусламж давхардуулахгүйгээр жилд нэг удаа тус тус олгоно
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ, ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө. Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 25.1.9 заасны дагуу дээд шатны байгууллага албан тушаалтан буюу аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хандаж өргөдөл гомдол гаргах боломжтой.

ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ТАЛААР

  • Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно
  • Тэтгэвэр, тэтгэмж авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргавал улиралд олгох тэтгэвэр, тэтгэмжийг тухайн улирлын эхний сард бөөнөөр нь олгож болно
  • Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг түүний итгэмжлэгдсэн иргэнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө.
  • 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.
  • Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.

http://e-khutuch.mn/guide/print/35/345/all