ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор өрх, иргэнд дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Нэг талаас хувь хүнийг хамт олон хүлээн авч, ойлгох, үйл ажиллагаандаа татан оролцуулах, нөгөө талаас хувь хүн өөрийнхөө болон нийгмийн хэрэгцээг хангахад идэвхтэйгээр оролцох үйл явцын харилцан холбоо юм.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Олон нийтийн оролцоонд чиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй өрх, иргэн та холбогдох материалыг сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.

Сум, хорооны нийгмийн ажилтан иргэний мэдээллийг бүртгэж амжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар оруулж, тухайн үйлчилгээнд хамруулах эсэх шийдвэр гаргана.

Амжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг холбогдох материалын хамт аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

Тухайн үйлчилгээг үзүүлэх байгууллага, хугацааны мэдээллийг иргэнд утсаар мэдэгдсэний дагуу иргэн та очиж үйлчилгээндээ хамрагдана.

1.Сэргээн засах үйлчилгээ:

Сэргээн засах үйлчилгээ нь хүний алдагдсан эрүүл мэнд, хөдөлмөрлөж аж төрөх чадварыг сэргээж, нийгмийн болон хувийн амьдралд нь идэвхтэй оролцох боломж нөхцлийг нь бүрдүүлэхэд нийгэм анагаах ухаан, хөдөлмөр сургалт сэтгэл зүйн цогц үйлчилгээ юм. Сэргээн засах үйлчилгээ нь уламжлалт аргаар үзүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжөөр үзүүлэх, уламжлалт болон орчин үеийн аппарат тоног төхөөрөмж хосолсон гэсэн төрөлтэй. Уг үйлчилгээг ажлын 10 хоног хүртэлх хугацаагаар үзүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэх хуулбарын хамт
  • Сэргээн засах үйлчилгээ шаардлагатайг тодорхойлсон эмчийн буюу эмнэлэгийн байгууллагын бичиг

2.Өдрийн үйлчилгээ

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах, нийгэмшүүлэх, амьдрах ухаанд сургах үйлчилгээ. /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба хүүхэд, хүнд нөхцөлд байгаа хүүхэд/

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэх хуулбарын хамт /16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ/
  • Сум хорооны хүн амын хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны тодорхойлолт

3.Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаагүй, бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй байнгын асаргаа шаардлагатай иргэнд гэрт нь асрамж, халамж үзүүлэх зорилгоор иргэн, ААН, ТББ халамжийн үйлчилгээний байгууллага гэрээ байгуулан төлбөртэй болон төлбөргүйгээр үзүүлдэг үйлчилгээ. /Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хамад настан, хүнд нөхцөлд байгаа хүүхэд/

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэх хуулбарын хамт /16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ/
  • Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтыг суманд эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, аймгийн төвийн сум, дүүрэгт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс
  • Төрөлхийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэний тодорхойлолтыг аймагт нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, нийслэлд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв тус тус эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан маягтын дагуу гаргана

4.Түр байрлуулан асрамжлах үйлчилгээ

Түр байрлуулан асрамжлах үйлчилгээ нь хохирогчийг хүлээн авснаас эхлэн 1 долоо хоногоос 3 сар хүртэлх хугацаанд тусламж үйлчилгээ үзүүлнэ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсхүл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг тодорхой хугацаагаар байрлуулж хохирогчид хэрэгцээтэй мэдээлэл, эрх зүйн болон бусад зөвлөгөө өгөх, сэтгэхүй нь түр хямарсан үед эмчилгээ хийх сэргээн засах зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Энэ үйлчилгээнд иргэнийг 1-90 хүртэл хоног хамруулна.

Бүрдүүлэх материал:

  • Тухайн иргэний гэр оронгүй тэнэмэл амьдралтайг судлан тогтоосон мэргэжлийн нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ, тодорхойлолт,
  • Хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон бол энэ тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт

5.Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах үйлчилгээ

Шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын хугацаа дууссан, өршөөл уучлал үзүүлсэн шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, ялын хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх, хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих тухай шүүхийн тогтоол гарсан болон хуульд заасан бусад үндэслэлээр хорих ангиас суллагдсан насанд хүрээгүй хүүхэд, насанд хүрсэн иргэн болон өөрийн хөрөнгөөр худалдаж авсан, барьж байгуулсан гэр оронгүй, орон гэргүйгээс бусдын гэр, байшинг хамтран ашигладаг, түр хоноглох байр, зориулалтын бус сууцанд сүүлийн 6 сарын хугацаанд амьдарч байгаа иргэнд үзүүлнэ. 

Хамрагдах өрх, иргэний бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай холбогдох байгууллагын тодорхойлолт
  • Орон гэргүй тэнэмэл амьдралтайг тогтоосон хорооны засаг даргын тодорхойлолт
  • Орон гэргүй, тэнэмэл амьдралтайг тогтоосон мэргэжлийн нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ

6.Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах үйлчилгээ

Зорилтот бүлгийн иргэдэд өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл бий болгох, гэр бүл найз нөхөдтэйгээ эерэг дэмжсэн харилцаа, уур амьсгал бий болгох эрүүл мэнд, өдөр тутмын амьдралын стрэссийг даван туулах, бэрхшээл эрсдэлээс зайлсхийх урьдчилан сэргийлэх зэрэг чадвар олгоно.

Хамрагдах өрх, иргэний бүрдүүлэх материал:

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэхний хуулбар

7.Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай энэ хуулийн 3.1.2, 18.2-т заасан өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэх, амьдрах ухаанд сургах үйлчилгээ

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай 2 ба түүнээс дээш өрх, иргэд өөрсдийн санаачлагаар нэгдэн бүлэг болж орлогоо нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор төсөл боловсруулан хэрэгжүүлэх нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэг төрөлд хамрагдана. Иргэдийн ирүүлсэн төслийг амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. АДЗ-өөр дэмжигдсэн төслийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хянаж үзээд хэрэгжих магадлалтай бол 1,5 сая хүртэлх төгрөгөөр санхүүжүүлнэ. 

Хамрагдах иргэний бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэргэжүүлэх өрх иргэний зохих шаардлагын дагуу боловсруулсан төсөл

8.Иргэн, түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээ

Өөрсдөө бие даан хөгжих боломж нөхцөл хязгаарлагдмал, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн нөхцөл байдлыг судлан үнэлэх, нөөц боломж, чадавхи, хэрэгцээг өрхийн гишүүдийн оролцоотой тодорхойлж, өрхийн гишүүдийг сэтгэл зүйн хувьд сэргээн засах, нийгмийн халамжийн болон хөгжлийн үйлчилгээг үзүүлнэ. 

Бүрдүүлэх материал

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Шилжин суурьшсан болон амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамнаас доогуур тухай өрх, иргэний сум хорооны Засаг даргын тодорхойлолт

9.Зөвлөгөө өгөх үйлчилгээ

Амьдралын асуудлаа өөрсдөө шийдвэрлэхэд туслах, тулгарч буй сэтгэлзүйн асуудал, бэрхшээлтэй нөхцөл байдлыг тогтоох, шийдвэрлэхэд нь мэргэжлийн тусламж, дэмжлэг үзүүлэх юм. Насанд хүрсэн хүнтэй 50 минутаас 1 цаг, 5-7 насны хүүхэдтэй 20 минут, 8-12 насны хүүхэдтэй 30 минут, 12-оос дээш насны хүүхэдтэй 1 цаг хүртэл хугацаагаар ярилцаж  зөвлөгөө өгнө. Зөвлөгөөний эхэнд уулзах давтамжаа тогтооно.


http://e-khutuch.mn/guide/print/35/419/decide_order