ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор өрх, иргэнд дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Нэг талаас хувь хүнийг хамт олон хүлээн авч, ойлгох, үйл ажиллагаандаа татан оролцуулах, нөгөө талаас хувь хүн өөрийнхөө болон нийгмийн хэрэгцээг хангахад идэвхтэйгээр оролцох үйл явцын харилцан холбоо юм.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтнаас бүрдэнэ.

Тэтгэвэр, тэтгэмж олгох, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх ажлыг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, сум, хорооны нийгмийн ажилтан зохион байгуулна.

Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь олон нийтийн оролцоонд чиглэсэн халамжийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

Иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага гүйцэтгэнэ. Сонгон шалгаруулалтаар шалгарсан байгууллага нь уг үйлчилгээг гэрээний дагуу үзүүлнэ.

Сум хорооны нийгмийн ажилтан нь тухайн үйлчилгээг зарласан хугацаанд зорилтот бүлгийн иргэдээс тухайн үйлчилгээнд хамрагдах эсэхийг асууж, бүртгэл хийсний дараа тухайн сум, хорооны Амжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хамрагдах иргэдийг квотод багтаан шийдвэрлэнэ.

Амжиргааг дэмжих зөвлөл:  нь зорилтот бүлгийн иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх талаар шийдвэр гаргах, халамжийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэг бүхий Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл сум, хороонд ажиллана.

Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй

  • Нийгмийн ажилтан - 1 хүн
  • Төрийн байгууллагын төлөөлөл - 2 хүн;
  • Иргэний төлөөлөл - 2 хүн;
  • Төрийн бус байгууллагын төлөөлөл - 2 хүн.

Нийгмийн ажилтан дор дурдсан эрх эдэлнэ:

  • Нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэх байгууллага, иргэнийг сонгоход оролцох, үйлчилгээнийх нь чанарт хяналт тавих, үнэлгээ хийх;
  • Шаардлагатай мэдээ, судалгаа болон холбогдох баримт бичгийг тухайн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
  • Халамжийн сангийн хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн бусад баримттай холбогдсон тайлбар, лавлагаа гаргуулж авах;
  • Мэргэжлийн ёс зүй, эрх, үүрэгт нь болон үйлчлүүлэгчид харш үйлдэл гүйцэтгэхээс татгалзах;
  • Нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд орон нутгийн байгууллага, иргэнийг татан оролцуулах
  • Ажлын онцлогоос шалтгаалан тусгай өрөө, эсхүл тусгаарлалт бүхий ажлын байр болон шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангагдах.

Нийгмийн ажилтан дор дурдсан үүрэг хүлээнэ:

  • Тухайн сум, хорооны нийгмийн халамжид хамрагдах өрх, иргэний тоо болон хэрэгцээний судалгаа гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх;
  • Нийгмийн халамжид хамрагдах өрх, иргэний нөхцөл байдлыг үнэлж, хөгжлийн төлөвлөгөөг тухайн өрх, иргэнтэй хамтран хийж, хэрэгжүүлэх;
  • Тэтгэвэр, тэтгэмж авах, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэнийг тодорхойлж, шийдвэрлүүлэх;
  • Өрх, иргэдийг хүсэл, зорилго, хэрэгцээгээрээ бүлэг болгон зохион байгуулагдахад нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
  • Өрх, иргэдийг амьжиргаагаа дээшлүүлэх чадавхтай болоход нь туслах зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
  • Орон нутгийн иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагыг мэдээллээр хангах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;
  • Нийгмийн ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих
  • Нийгмийн ажилтанд хандсан хувь хүний /хууль зөрчсөн үйлдлийг мэдээлэхээс бусад тохиолдолд/ нууцыг чандлан хадгалах;
  • нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж, журам, зааврыг хэрэгжүүлэх;
  • Хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр батлагдсан үндэсний хөтөлбөр, арга хэмжээг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг эрүүл мэндийн, боловсролын болон бусад нийгмийн ажилтантай хамтран зохион байгуулах.
  • Иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл өгөх;
  • Өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээнд үр дүнтэй хамруулах зорилгоор эрүүл мэнд, боловсролыг дэмжих зэрэг нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай зуучилж өгөх.

http://e-khutuch.mn/guide/print/35/419/decide_org