ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор өрх, иргэнд дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Нэг талаас хувь хүнийг хамт олон хүлээн авч, ойлгох, үйл ажиллагаандаа татан оролцуулах, нөгөө талаас хувь хүн өөрийнхөө болон нийгмийн хэрэгцээг хангахад идэвхтэйгээр оролцох үйл явцын харилцан холбоо юм.

Асуулт 1. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээнд хамрагдахад ямар материал бүрдүүлдэг вэ?

Өргөдөл, иргэний үнэмлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол эмнэлгийн байгууллагын дүгнэлт, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бол тухайн сум, хорооны нийгмийн ажилтны тодорхойлолт, хүчирхийлэлд өртсөн иргэн бол цагдаагийн байгууллагын тодорхойлолт, хорих ангиас суллагдсан иргэн бол ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай холбогдох байгууллагын тодорхойлолт, хүнд өвчтэй, согтуурах, мансуурах донтох өвчтэй иргэний тухайд холбогдох эмнэлгийн байгууллагын дүгнэлт, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэн бол мэргэжлийн нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ, тодорхойлолт, өрх толгойлсон эцэг/эх бол энэ тухай Засаг даргын тодорхойлолт, сэргээн засах үйлчилгээнд хамрагдах тохиолдолд энэ үйлчилгээ шаардлагатайг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын тодорхойлолт тус тус шаардлагатай.

Асуулт 2.  Өвчтөй хүн сэргээн засах үйлчилгээнд хамрагдаж болох уу? Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Болно. Өргөдөл /маягтын дагуу/, иргэний үнэмлэх хуулбар, эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт, сэргээн засах үйлчилгээ шаардлагатайг тодорхойлсон эмчийн буюу эмнэлэгийн байгууллагын бичиг

Асуулт 3. Халамжийн үйлчилгээнүүд дотор ахмад настай хүний сэтгэл санааг сэргээх, урлаг соёл, биеийн тамир спортын арга хэмжээ явуулдаг үйлчилгээ байдаг уу?

Байдаг. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэг төрөл болох өдрийн үйлчилгээ нь соёл урлаг, биеийн тамир спортын арга хэмжээнд оролцуулах, сэргээн засах, зөвлөгөө өгөх хэлбэрээр явагддаг.

Асуулт 4. Хүчирхийлэлд өртсөн иргэн түр байрлуулах үйлчилгээнд хамрагдахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Өргөдөл /маягтын дагуу/, иргэний үнэмлэх, хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон бол энэ тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт

Асуулт5. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд ямар иргэн хамрагддаг вэ? Ямар нэг насны хязгаар байгаа юу?

Эдгээр зорилтот бүлгийн иргэд зөвхөн хамрагдана.  Насны хязгаар байхгүй.

  1. Ахмад настан;
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн; 
  3. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд
  4. Хорих ангиас суллагдсан иргэн;
  5. Хүчирхийлэлд өртсөн иргэн;
  6. Согтуурах, мансуурах донтох өвчтэй иргэн;
  7. Эдгэшгүй хүнд өвчтэй хүн;
  8. Гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн;
  9. Шилжин суурьшсан энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэн, иргэн;
  10. Өрх толгойлсон эх /эцэг/;
  11. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх;
  12. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд.

http://e-khutuch.mn/guide/print/35/419/faq