ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор өрх, иргэнд дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Нэг талаас хувь хүнийг хамт олон хүлээн авч, ойлгох, үйл ажиллагаандаа татан оролцуулах, нөгөө талаас хувь хүн өөрийнхөө болон нийгмийн хэрэгцээг хангахад идэвхтэйгээр оролцох үйл явцын харилцан холбоо юм.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын үндсэн хуулийн 16.5-д зааснаар Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд олон нийтийн оролцоонд чиглэсэн халамжийн үйлчилгээний төрөл, хамрагдах иргэд, бусад зохицуулалтыг заасан байдаг. Үүнд:

Үйлчилгээний төрөл:

  1. Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах;
  2. Зөвлөгөө өгөх;
  3. Сэргээн засах үйлчилгээнд хамруулах;
  4. Түр байрлуулан асрамжлах, хүчирхийлэлд өртсөн хүнийг түр хамгаалан байрлуулах;
  5. Өдрийн үйлчилгээнд хамруулах;
  6. Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах;
  7. Иргэн, түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээ үзүүлэх;
  8. Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах;
  9. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай энэ хуулийн 3.1.2, 18.2-т заасан өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах.
  10. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд хамруулах.

Хамрагдах иргэн:

  1. Ахмад настан;
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн;  
  3. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд
  4. Хорих ангиас суллагдсан иргэн;
  5. Хүчирхийлэлд өртсөн иргэн
  6. Согтуурах, мансуурах донтох өвчтэй иргэн;
  7. Эдгэшгүй хүнд өвчтэй хүн;
  8. Гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн;
  9. Шилжин суурьшсан энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэн, иргэн;
  10. Өрх толгойлсон эх /эцэг/;
  11. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх;
  12. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд.

Мөн энэхүү үйлчилгээг Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

Иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага гүйцэтгэнэ.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Ахмад настны тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль (2016 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам (2019 он) ЭНД дарж үзнэ үү

http://e-khutuch.mn/guide/print/35/419/law