ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ гэж асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнчлэн хүнд нөхцөлд байгаа хүүхдийг байрлуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуй, сэтгэл зүй, асаргаа сувилахуйн үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг нь хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагааг хэлнэ.

Асуулт 1. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдсан ч нийгмийн халамжийн тэтгэвэр авах боломжтой юу?

Боломжтой. Хэрвээ танд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэн бол холбогдох материалыг тухайн асрамжийн газрын нийгмийн ажилтан хариуцан сум, хорооны нийгмийн ажилтанд өгч, шийдвэрлүүлнэ.

Асуулт 2. Төрөлжсөн асрамжид асруулдаг хүн  тэтгэвэрээ авахдаа банкнаас өөрийн биеэр очиж тэтгэвэрээ авах боломжгүй бол яах вэ?

Өөрийн биеэр авах боломжгүй бол асрамжийн газрын итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан авч болно. Итгэмжлэлийг нотариатчаар гэрчлүүлсэн байна.

Асуулт 3. Төрөлжсөн асрамжид асруулж байгаа иргэд асруулах хугацаанд авдаг тэтгэвэрийнхээ 30 хувийг асрамжийн байгууллагад төлдөг. Энэ мөнгө юунд зарцуулагддаг вэ?

Энэхүү мөнгө нь асруулагч өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээ, үйлчилгээний холбогдох зардлыг төлөх, мэс засал гэмтлийн нөхөн сэргээх орлуулах, эрхтэн шилжүүлэх гэх мэт дотоодод хийлгэсэн зардлын тодорхой хувийг төлөх, өндөр өртөг бүхий эм ,тариа хянах багаж хэрэгсэл худалдаж авах, тэмдэглэлт өдрүүдийг тохиож асруулагчид хүндэтгэл үзүүлэх, асруулагчийн төрж өссөн, ажиллаж амьдарч байсан нутаг орондоо зайлшгүй шалтгааны улмаас явах тохиолдолд ирж, очих унааны зардал гэх мэт үйлчлүүлэгчид зайлшгүй шаардлага гарсан үед дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд зарцуулагддаг.

Асуулт 4. Нийгмийн халамжийн тэтгэврийг хэн авах эрхтэй вэ?

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авна. Үүнд:

  1. 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй
  2. 16 насанд хүрсэн одой иргэн
  3. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэршээлтэй иргэн
  4. Тэжээгч нь нас барсан 18 хүртлэх насны хүүхэд
  5. 18 хүртлэх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг

Асуулт 5. Төрөлжсөн асрамжид хамрагдах хүсэлтийг хэдий хугацаанд шийдвэрлэдэг вэ?

Холбогдох баримт материалаа сум, хорооны нийгмийн ажилтанд өгснөөс 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.


http://e-khutuch.mn/guide/print/35/420/faq