ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ гэж асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнчлэн хүнд нөхцөлд байгаа хүүхдийг байрлуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуй, сэтгэл зүй, асаргаа сувилахуйн үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг нь хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагааг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын үндсэн хуулийн 16.5-д зааснаар Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дугаар зүйлд төрөлжсөн асрамжийн үйлчилгээний төрөл, хамрагдах иргэд, бусад зохицуулалтыг заасан байдаг. Үүнд:

Үйлчилгээний төрөл

  1. Ахмад настны асрамжийн үйлчилгээ;
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ;
  3. Хүнд нөхцөлд байгаа 18 хүртэлх насны хүүхдийн асрамжийн үйлчилгээ;
  4. 3 ба түүнээс дээш ихэр хүүхдийн асрамжийн үйлчилгээ.

Хамрагдах иргэн

  1. Тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй, тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь тухайн ахмад настны эсрэг хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан;
  2. Мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан болон тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
  3. Хүнд нөхцөлд байгаа, бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхэд;
  4. Байнгын асрамжид байдаг хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхэд;
  5. Улсын зардлаар төрөлжсөн асрамжийн газар асрамжлан өсгөхийг эцэг, эх нь зөвшөөрсөн дөрөв хүртэлх насны гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Монгол Улсын Үндсэн Хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Ахмад настны тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль (2016 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль (2017он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/97 тоот тушаалын 1 дүгээр хавсралт /төрөлжсөн асрамжийн газарт асруулагчийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах журам/
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам (2012 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2012 оны 162 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг төрийн зардлаар өсгөж хүмүүжүүлэх журам.

http://e-khutuch.mn/guide/print/35/420/law