ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Боловсролыг дэмжих үйлчилгээ

Боловсролыг дэмжих үйлчилгээ гэдэг нь зорилтот бүлгийн хүүхэд сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа бол хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ юм.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын үндсэн хуулийн 16.5-д зааснаар Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.

Дор дурдсан хүүхэд сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа бол хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлнэ. 

Боловсролыг дэмжих үйлчилгээнд дараах иргэнийг хамруулна:

  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд;
  • Бүтэн ба хагас өнчин хүүхэд;
  • Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэний хүүхэд;
  • Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхэд;
  • Хорих ангиас суллагдсан хүүхэд;
  • Босго шугамаас доогуур амьжиргаатай өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Монгол улсын үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Боловсролыг дэмжих үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ иргэн та сум, хорооны нийгмийн ажилтанд хандан тодорхойлолт авч хүүхдийнхээ суралцдаг сургуулийн номын санд гаргана.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Боловсролыг дэмжих үйлчилгээнд хамрагдах хүсэлт бүхий иргэн та сум, хорооны нийгмийн ажилтнаас тодорхойлолт гаргуулан авч тухайн хүүхдийн суралцдаг сургуулийн номын сангаас сурах бичгийг үнэ төлбөргүй түрээсийн нөхцөлөөр авч ашиглаж болно.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа
Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Иргэн та халамжийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлоо эхлээд тухайн байгууллагын удирдлагад гаргах ба шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллагад гомдол гаргана. Гомдлыг 30 хоногийн дотор хянан, шийдвэрлэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэний хүүхэд, хорих ангиас суллагдсан хүүхэд албан бус сургалтад хамрагдаж байгаа бол хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлтийг бүрэн болон хэсэгчлэн олгоно.

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхэд асрамжийн газраасаа боловсролын зардал авч байгаа бол хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, дүрэмт хувцасны үнийн  хөнгөлөлтийг давхардуулан олгохгүй.


http://e-khutuch.mn/guide/print/35/421/all