ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ гэдэг нь Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох үйлчилгээг хэлнэ. “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн” гэж амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнийг хэлнэ.

Сонгогдсон зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр зөвхөн зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэхээр зааж өгсөн.

Хүнсний эрхийн бичгээр олгох бүтээгдэхүүний жагсаалтад:

  1. Мах дайвар бүтээгдэхүүн( импортын бус)
  2. Сүү, сүүн бүтээгдэхүүн (импортын бус)
  3. Гурил, гурилан бүтээгдэхүүн  ( импортын бус)
  4. Цөцгийн тос
  5. Элсэн чихэр
  6. Төмс, хүнсний ногоо
  7. Будаа
  8. Ургамлын тос
  9. Өндөг
  10. Жимс, жимсгэнэ.

Ингэснээр насанд хүрсэн нэг хүний хоол хүнсээр өдөрт авах 2500 ккал-ын илчлэгийг хэвийн хэмжээнд авах нөхцөл хангагдаж байгаа бөгөөд хамгийн бага хэрэглээтэй хүн амын хувьд өдөртөө 1800 ккалориос доогуур илчлэг авдаг байна.   

Тайлбар:

  • Мах, дайвар бүтээгдхүүн: худалдан борлуулахаар зөвшөөрөгдсөн бүх төрлийн мал, амьтны мах, малын гэдэс дотор, толгой, шийр орно. Хиам болон лаазалсан, дахин боловсруулсан бүтээгдхүүн хамаарахгүй.
  • Сүү, сүүн бүтээгдхүүн: гэдэгт хуурай болон шингэн сүү, тараг, ааруул, аарц хамаарна.
  • Гурил, гурилан бүтээгдхүүн: бялуу, кекс хамаарахгүй
  • Төмс, хүнсний ногоо: дарсан ногоо, лаазалсан, дахин боловсруулсан бүтээгдхүүн хамаарахгүй.
  • Будаа: гэдэгт бүх төрлийн будаа, хүүхдийн будаа, үр тариа, шар буурцгийн гаралтай бүтээгдхүүн хамаарна.
  • Жимс, жимсгэнэ: гэдэгт компот, жимсний чанамал, хатаасан жимс хамаарахгүй.

Дараах тохиолдолд хүнсний эрхийн бичгийн олголтыг зогсооно:

 

  • дахин үнэлгээгээр амьжиргааны түвшингийн үнэлгээ нь журамд заасан босго онооноос дээш гарсан;
  • өрхийн гишүүн-иргэн өөрийн хүсэлтээр хүнсний эрхийн бичиг авахаас татгалзсан;
  • өрхийн гишүүн-иргэн Монгол Улсын харьяатаас гарсан;
  • хуурамч баримт бичиг бүрдүүлсэнхудал мэдээлсэн нь тогтоогдсон;
  • хүнсний эрхийн бичиг авах эрх үүсэхгүй нь тухайн байгууллагын дотоод хяналт болон дээд шатны байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдсон.
  • харъяа аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржид ажил хайгч иргэнээр бүртгүүлсэн байх бөгөөд тухайн байгууллагуудаас иргэнд 2 буюу түүнээс дээш ажлын байранд зуучлахад ажил эрхлэхээс татгалзсан.
  • Өрхийн гишүүн иргэн нь хүнсний эрхийн бичгийг бусдад дамжуулсан, барьцаанд тавьсан, зөвшөөрөгдөөгүй бүтээгдэхүүн худалдан авсан нь тогтоогдвол;

Дараах тохиолдолд хүнсний эрхийн бичиг олголтыг түдгэлзүүлнэ:

  • гурав ба түүнээс дээш гишүүн ам бүлийн тооноос хасагдсан;
  • өрхийн гишүүн-иргэд аймаг, нийслэл хооронд шилжсэн бол;
  • хүнсний эрхийн бичгийг 2 сарын хугацаанд аваагүй болон ашиглаагүй.

Өрхийн гишүүн-иргэний өөрийн буруутай үйлдлийн улмаас хүнсний цахим эрхийн бичгийн данс давхар нээлгэснээс тухайн сарын санхүүжилт шилжээгүй тохиолдолд хүнсний эрхийн бичиг олголтыг түр зогсооно. Энэ тохиолдолд алдааг залруулсны дараа хүнсний эрхийн бичгийг үргэлжлүүлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны хүнсний эрхийн бичгийг нөхөн олгоно.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/35/422/advice