ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ гэдэг нь Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох үйлчилгээг хэлнэ. “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн” гэж амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь өрхийн гишүүн-иргэний тухайн сард авах хүнсний эрхийн бичгийн мөнгөн дүнг тооцож, нэрсийн жагсаалтыг шинэчлэх бөгөөд нэрсийн жагсаалтыг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага болон харилцагч банкинд мэдээллийн сангаар дамжуулан цахим хэлбэрээр сар бүрийн 01-ний өдрийн дотор тус тус хүргүүлнэ.

Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэхүү журамд заасан нэрсийн жагсаалтыг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэхүү жагсаалтад тухайн сард хүнсний эрхийн бичиг төлөөлөн авах өрхийн гишүүн-иргэн өөрчлөгдсөн, хүнсний эрхийн бичиг авах өрх шинээр нэмэгдсэн, хасагдсан өрхийн дансны талаарх нэмэлт мэдээллийг багтаасан байна.

Хүнсний цахим эрхийн бичгийг дараах байдлаар олгоно:

  • Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь журамд заасан жагсаалтын дагуу хүнсний цахим эрхийн бичгийн санхүүжилтийг харилцагч банканд сар бүрийн 15-ны дотор шилжүүлнэ.
  • Харилцагч банк нь журамд заасан жагсаалтын дагуу өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах иргэний харилцах дансанд төлбөрийг сар бүрийн 15-ны өдрийн дотор байршуулна;

Өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах иргэн гэрээт банкнаас өөрийн биеэр ирж авна. Хүнсний эрхийн бичгээ өөрийн биеэр ирж авч чадахгүй нөхцөлд итгэмжлэгдсэн хүнээр авахуулж болно. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу нотариатч олгоно. Хэрэв суманд нотариатч ажиллаагүй бол сумын Засаг даргын тамгын газрын дарга Нотариатын тухай хуулийн 10.2-т заасны дагуу итгэмжлэл олгоно.

Шинээр төрсөн хүүхэд, 18 насанд хүрсэн болон шилжиж ирсэн өрхийн гишүүн-иргэдийн хүнсний эрхийн бичгийн мөнгөн дүнг мэдээллийн санд оруулсан сарын дараагийн сараас тус тус нэмж, нас барсан гишүүний мөнгөн дүнг нас барсан сарын дараагийн сараас хасч тооцно.

Өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах насанд хүрсэн гишүүнгүй болсон тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д заасан шийдвэрийг үндэслэн тухайн өрхийн насанд хүрээгүй гишүүн-иргэдийн хүнсний эрхийн бичгийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгоно.

Хүнсний цахим эрхийн бичгийг хаяж үрэгдүүлсэн, соронзон туузыг гэмтээсэн тохиолдолд дахин олгоход шаардагдах зардлыг тухайн өрхийн гишүүн-иргэн өөрөө хариуцна.

Хүнсний эрхийн бичигт хамрагдсан өрхийн ам бүлийн гишүүдээс сүүлийн 3 хүртэлх жилийн хугацаанд хугацаат цэргийн алба хаах болон хорих газарт хоригдохоор явсан тохиолдолд өрхийн гишүүдийн бүртгэлд хэвээр үлдээж, байхгүй байх хугацааны мөнгийг түр түдгэлзүүлж, буцаж ирсэн нөхцөлд үргэлжлүүлэн олгоно.

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа өрхийг тус үйлчилгээнд хамрагдаж эхэлсэн сараас тооцон 2 жил болмогц дахин үнэлгээ хийж, журамд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд хүнсний эрхийн бичгийг үргэлжлүүлэн олгоно.

 


http://e-khutuch.mn/guide/print/35/422/decide_order