ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ гэдэг нь Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох үйлчилгээг хэлнэ. “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн” гэж амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнийг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын үндсэн хуулийн 16.5-д зааснаар Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.

Нийгмийн халамжийн тухай хуулийн  22 дугаар зүйлд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хэлбэр, хамрагдах иргэдийг заасан. Үүнд:

Үйлчилгээний хэлбэр

  • Хүнсний бүтээгдэхүүн, эсхүл хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох;
  • Халуун хоол, цайгаар үйлчлэх.

Хамрагдах иргэн

  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэдийн дотроос Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын  тодорхойлсон хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн;
  • Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэн.

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох босго оноог орон нутагт 310.0, нийслэлд 292.5 ба түүнээс доош байгаа өрхийн гишүүн-иргэнд сард олгох хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг нэг хүүхдэд 8000 /найман мянган/ төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 16000 /арван зургаан мянган/ төгрөг байхаар тогтоосон.

Дараах нөхцөлийг хангасан өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгоно. Үүнд:

  • Үндэсний статистикийн хороо болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран баталсан аргачлалын дагуу амьжиргааны түвшингээ үнэлүүлж, өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон.
  • Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай  өрхийн гишүүн-иргэнээс амьжиргааны түвшингийн үнэлгээ нь тухайн онд хүнсний эрхийн бичиг олгохоор Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан босго оноотой тэнцүү буюу түүнээс доогуур байгаа.

Тухайн өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлээгүй гишүүнд хүнсний эрхийн бичгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөлтэйгээр олгоно. Тухайн иргэн хүнсний эрхийн бичгийг авах эхний 6 сарын хугацаанд дараах болзлыг хангана:

  1. ажил хайж аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн;
  2. ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд хамрагдаж, зөвлөгөө авсан.

Хүнсний эрхийн бичигт хамрагдсан өрх нь бага насны хүүхдийг товлолын дагуу заавал хийх дархлаажуулалт, сургуулийн насны хүүхдийг албан ба албан бус боловсролд тус тус хамруулах үүрэгтэй.

Хүнсний эрхийн бичиг нь өрхийн гишүүн-иргэний тухайн сарын хүнсний хэрэгцээнд дэмжлэг үзүүлэхэд зориулсан төлбөрийн нэгжийг төлөөлөх банкны цахим карт байна.

Хүнсний эрхийн бичиг нь цахим хэлбэртэй байна.

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэн НӨАТ-ын баримт  олгодог ААН, Зах, Бөөний төвд худалдаа эрхлэгч, хүнсний дэлгүүрээс хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг авна.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/103 тоот “Журам шинэчлэн батлах тухай” тушаал ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын холбогдох тушаалууд

http://e-khutuch.mn/guide/print/35/422/law