ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаа Арбитрын журмаар маргаан шийдвэрлэх

Шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ. Арбитрын журмаар шийдвэрлэх эрх зүйн маргаанд гэрээний буюу гэрээний бус харилцаанаас үүссэн бүхий л харилцаа хамаарна. Маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх боломж нь талуудын гэрээний үндсэн зарчим, чөлөөт байдал, итгэл үнэмшлийг хамгаалах тохиролцооны дагуу хэрэг хянан шийдвэрлэгдэнэ.

Эдийн засаг, бизнес, худалдаа арилжаа, хөрөнгө оруулалт, ажил гүйцэтгэх, хамтран ажиллах зэрэг эцсийн үр дүн нь эдийн засгийн үр ашиг авчрах аливаа гэрээ хэлцлээс үүссэн маргааныг гэрээний талууд харилцан тохиролцон тухайн харилцааг мэргэшсэн хөндлөнгийн өөрсдийн сонгосон этгээдээр шийдвэрлүүлэх шүүхийн бус арга буюу арбитрын хэрэг хянан шийдвэрлэх арга нь дэлхий нийтэд 200 гаруй жилийн өмнө бий болжээ.

Өнөөдөр дэлхийн эдийн засгийн хөгжил бүхий 200 гаруй улс оронд олон улсын болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах олон арван арбитр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын хувьд 1929 онд Шүүх арбитрын яам байгуулагдан улмаар Улсын арбитрын газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цорын ганц үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэд 1960 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 194/295 дугаар тогтоолоор анх байгуулагдан Гадаад худалдааны арбитр нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

Монгол Улс 1995 онд Гадаадын Арбитрын Шийдвэрийг Хүлээн Зөвшөөрч Биелүүлэх тухай Нью Йоркийн Конвенцэд нэгдэн орсон тул Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын шийдвэр нь дэлхийн 155 оронд заавал биелэгдэх хүчинтэй болсон.

2003 оны 5 дугаар сарын 09-ний өдөр УИХ-аас “Арбитрын тухай” Монгол Улсын хуулийг батлан гаргасан. Тус хууль нь НҮБ-ын Олон Улсын Худалдаа Эрх Зүйн Коммиссын Олон Улсын Арилжааны Арбитрын тухай Загвар хууль дээр үндэслэгдэж боловсруулсан, орчин үеийн арбитрын зарчим, үзэл баримтлалтай нийцсэн хууль болсон юм. Үүнтэй холбогдуулж Гадаад Худалдааны Арбитр нь Монголын Үндэсний Арбитр болж өөрчлөн байгуулагдаж 2013 оны хүртэл энэхүү нэрээр үйл ажиллагаагаа явуулж ирснээр гадаад, дотоодын бизнесийн аль ч маргааныг арбитраар хянан шийдвэрлэж ирсэн.

Монгол Улсын эдийн засаг гадаад харилцаа өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монголын Үндэсний Арбитр нь 2013 оноос эхлэн Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр болон нэрээ өөрчилсөн.

Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын давуу тал:

  • Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай
  • Талууд арбитрчдын мэргэшсэн бүрэлдэхүүнээс арбитрчаа сонгох боломжтой
  • Арбитрын гарсан шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэх хүчинтэй байдаг
  • Арбитрын гарсан шийдвэр дэлхийн 155 улсад хүлээн зөвшөөрөгддөг
  • Талуудын эрх тэгш байдлыг дээд зэргээр хангадаг
  • Талууд арбитрын бүрэлдэхүүнтэй тохиролцон арбитрын ажиллагааг явуулах газар, хэл, хэрэглэх хууль, хуралдаан явуулах хугацаа зэргийг сонгодог
  • Талууд өмгөөлөгч авах, гэрч оролцуулах, шинжээч томилуулах, шийдвэр баталгаажуулах эрхтэй
  • Бусад

http://e-khutuch.mn/guide/print/37/303/advice