ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаа Арбитрын журмаар маргаан шийдвэрлэх

Шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ. Арбитрын журмаар шийдвэрлэх эрх зүйн маргаанд гэрээний буюу гэрээний бус харилцаанаас үүссэн бүхий л харилцаа хамаарна. Маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх боломж нь талуудын гэрээний үндсэн зарчим, чөлөөт байдал, итгэл үнэмшлийг хамгаалах тохиролцооны дагуу хэрэг хянан шийдвэрлэгдэнэ.

Асуулт 1: Арбитр нь ямар төрлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг вэ?

Арбитрын тухай хуулийн 9.1-т зааснаар “Шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ”. Арбитрын хэлэлцээр гэж гэрээний үндсэн дээр үүссэн эсэхээс үл хамааран бий болсон эрх зүйн харилцаатай холбоотойгоор талуудын хооронд үүссэн, эсхүл үүсч болох аливаа маргаан, эсхүл түүний тодорхой хэсгийг арбитрын журмаар шийдвэрлүүлэх тухай талуудын тохиролцоог хэлнэ.

Асуулт 2: Арбитрын хэлэлцээрийг заавал бичгээр хийсэн байх шаардлагатай юу?  

Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Арбитрын хэлэлцээр нь гэрээний нэг хэсэг, эсхүл бие даасан гэрээ байж болно. Арбитрын хэлэлцээрийг бичгээр хийнэ. Арбитрын хэлэлцээрийг амаар, бодит үйлдлээр, эсхүл бусад арга хэрэгслээр хийснээс үл хамааран түүний агуулгыг ямар нэг хэлбэрээр баримтжуулсан бол бичгээр байгуулсан гэж үзнэ.

Цахим харилцаа холбоонд агуулагдсан мэдээлэлд нэвтэрч, түүнийг ашиглах боломжтой бол бичгээр хийнэ гэсэн шаардлагыг мэдээллийн өгөгдөл солилцох хэлбэрээр хангасанд тооцно.

Цахим харилцаа холбоо гэдэгт талууд хоорондоо мэдээллийн өгөгдөл ашигласан аливаа харилцааг ойлгоно.

Мэдээллийн өгөгдөл гэдэгт цахим, соронзон, гэрлийн болон бусад ижил төстэй арга хэлбэрээр бий болгосон, илгээсэн, хүлээн авсан, эсхүл хадгалсан мэдээлэл, цахим өгөгдөл солилцоо, цахим шуудан, цахилгаан, телексийг ойлгоно.

Нэхэмжлэл болон хариу тайлбарт арбитрын хэлэлцээр байгаа талаар тусгаж, нөгөө тал нь түүнийг үгүйсгээгүй бол арбитрын хэлэлцээрийг бичгээр үйлдсэн гэж үзнэ.

Асуулт 3: Арбитрчыг ямар хууль зүйн үндэслэлээр татгалзан гаргадаг вэ?

Арбитрын тухай хуулийн 14.1 Арбитрчаар томилогдох этгээд өөрийн хараат бус, бие даасан байдалд эргэлзээ төрүүлэхүйц үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар мэдэгдэх үүрэгтэй. Арбитрч дээр дурдсан нөхцөл байдлын талаар талуудад өмнө нь мэдэгдээгүй бол арбитрчаар томилогдсоноос хойш арбитрын ажиллагааны явцад тэрхүү нөхцөл байдлын талаар талуудад даруй мэдэгдэнэ.

14.2.Арбитрчийг гагцхүү хуулиар тогтоосон болон талуудын тохиролцсон мэргэжил, ур чадварын шаардлагад нийцээгүй, эсхүл арбитрчийн хараат бус, бие даасан байдалд эргэлзээ төрүүлэхүйц үндэслэл бүхий нөхцөл байдал байгаа үндэслэлээр татгалзан гаргана.

14.3.Аль нэг тал өөрийн томилсон, эсхүл томилоход оролцсон арбитрчийг татгалзан гаргах үндэслэл байгааг түүнийг томилсныхоо дараа мэдсэн тохиолдолд татгалзан гаргаж болно.

Асуулт 4: Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт хандахын тулд яах ёстой вэ? 

Талууд бизнесийн гэрээнээс үүссэн маргаанаа Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитраар шийдвэрлүүлье гэвэл арбитрын загвар заалт буюу арбитрын хэлэлцээрийг гэрээндээ заавал тусгасан байх шаардлагатай юм. Иймээс гадаад, дотоодын байгууллага, компани, хувь хүмүүстэй худалдаа, эдийн засгийн гэрээ хэлэлцээр байгуулахдаа арбитрын талаар дараах заалтыг гэрээндээ тусгах нь зүйтэй юм. Энэхүү арбитрын заалтыг та бүхэн гэрээндээ шууд хуулбарлан тусгаж болно.

Арбитрын загвар заалт "Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, цуцлах, хүчингүй болгохтой холбоотой бүх маргааныг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт түүний Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлэнэ".

Асуулт 5: Арбитрын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг хаана гаргадаг вэ?

Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай буюу Арбитрын тухай хуулийн 11.1, 13.4, 13.5, 15.3, 16.1, 18.7, 39.1 дэх хэсэгт заасан шүүхийн чиг үүргийг  арбитрын ажиллагаа явагдсан газрын иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, харин олон улсын арбитрын ажиллагааны хувьд нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгжүүлнэ. Шүүхэд гаргах бөгөөд уг өргөдлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна.


http://e-khutuch.mn/guide/print/37/303/faq