ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Шүүхийн шинжилгээ Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн сумны хонгио, хошууны дээжийг мэдээллийн нэгдсэн сан бүртгэх

Иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн хонгио, хошууны дээжийг галт зэвсгийн нэгдсэн санд бүртгэн авах.

Хуулийн зохицуулалт
  • Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Энд дарж үзнэ үү.
  • Галт зэвсгийн албан татварын тухай хуулийг Энд дарж үзнэ үү. 
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Галт зэвсгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ байнга оршин суугаа газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Тухайн иргэний гурван хувь цээж зураг;
  • Галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Өмчлөх галт зэвсгийн сумны хонгио, хошууны дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тухай тодорхойлолт;
  • Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээ;
  • Энэ хуулийн 11.6-д заасан өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас зэрэг материал орно.

Харуул хамгаалалтын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд галт зэвсэг худалдан авсан, эсхүл улсын хилээр оруулсан бол ажлын арван өдрийн дотор хуулийн этгээдийн оршин байгаа газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн албан бичиг;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Өмчлөх галт зэвсгийн сумны хошуу, хонгионы дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тухай тодорхойлолт;
  • Галт зэвсэг хадгалах байрын дотоод зохион байгуулалт, галт зэвсэг, сум хадгалах шүүгээ /сав/-ний нарийвчилсан зураг, танилцуулга;
  • Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн тухайд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
  • Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;
  • Байгаль хамгаалагчийн тухайд ажиллаж байгаа албан байгууллагын тодорхойлолт;
  • Ажилтны галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээ.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа
  • Шүүхийн шинжилгээний байгууллага галт зэвсгээр буудсан сумны хонгио, хошуу тус бүрээс хоёрыг дээж болгон авч, тухайн галт зэвсэг болон түүнийг эзэмшигчийн талаарх мэдээллийг нэгдсэн санд бүртгэн оруулсны дараа цагдаагийн байгууллага ажлын таван өдрийн дотор галт зэвсгийг бүртгэх, галт зэвсгийн гэрчилгээ олгох эсэх асуудлаар шийдвэр гаргана.
  • Галт зэвсэг өмчлөгч иргэн оршин суугаа газрын хаягаа өөрчилсөн бол нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэж галт зэвсгээ бүртгэлээс хасуулж, шилжин очсон газрынхаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын арван өдрийн дотор бүртгүүлнэ.
  • Харьяа сум, дүүрэгт шилжин ирсэн иргэний галт зэвсгийг бүртгэлд авсан талаар тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шилжүүлсэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын арван өдрийн дотор мэдэгдэнэ.

 

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн КШГ-ын Галт зэвсгийн лабораторт.
  • Галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавина.
  •  Хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

  •  Хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

Галт зэвсгийг ашиглаж байгаа зориулалтаар нь доор дурдсанаар ангилна:

1.Иргэний /Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зориулалтын буу/

2.Харуул хамгаалалтын  /Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг нь автоматаар буудах боломжгүй, сумны хошуу нь зүрхэвчгүй буу байна/

3.Хууль сахиулах албаны / Хууль зүйн яамнаас хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг, сумны төрлийн жагсаалтыг баталж, улсын хилээр оруулах зөвшөөрөл олгоно/

4.Байлдааны / Бусад улсаас Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийхэд, эсхүл энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг Монгол Улсад зохион байгуулахад олон улсын байгууллага, гадаад улсын өмчлөлийн галт зэвсэг, сумыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бол Тагнуулын ерөнхий газрын дарга, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын болон батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хүсэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно./

 

Асуулт 1 Галт зэвсгийг хэн өмчлөх эрхтэй бэ.? 

Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно.

Хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ.

Асуулт 2 Галт зэвсгийг хэн ашиглах бэ.? 

  1. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган ашиглах эрхтэй. Иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ амь бие, эд хөрөнгийг араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно.
  2. Нутгийн захиргааны байгууллагын шийдвэрээр золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгаж болно.

Асуулт 3. Иргэн галт зэвсэг, сум худалдаж авах бол яах ёстой бэ.? 

  • Иргэн, хуулийн этгээд борлуулагчаас галт зэвсэг худалдаж авах тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргана.
  • Цагдаагийн байгууллага  хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор хуулийн шаардлагыг хангасан иргэнд иргэний үнэмлэх,  өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудсыг үндэслэн, хуулийн этгээдэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн зөвшөөрөл олгоно.
  • Борлуулагч зөвшөөрлийг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд галт зэвсэг худалдана.
  • Борлуулагч галт зэвсэг эзэмших эрхтэй иргэн, хуулийн этгээдэд сум худалдах бөгөөд иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан сумны талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад ажлын гурван өдрийн дотор хүргүүлнэ.

http://e-khutuch.mn/guide/print/39/395/all