ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Шүүхийн шинжилгээ Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн сумны хонгио, хошууны дээжийг мэдээллийн нэгдсэн сан бүртгэх

Иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн хонгио, хошууны дээжийг галт зэвсгийн нэгдсэн санд бүртгэн авах.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Галт зэвсгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ байнга оршин суугаа газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Тухайн иргэний гурван хувь цээж зураг;
  • Галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Өмчлөх галт зэвсгийн сумны хонгио, хошууны дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тухай тодорхойлолт;
  • Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээ;
  • Энэ хуулийн 11.6-д заасан өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас зэрэг материал орно.

Харуул хамгаалалтын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд галт зэвсэг худалдан авсан, эсхүл улсын хилээр оруулсан бол ажлын арван өдрийн дотор хуулийн этгээдийн оршин байгаа газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн албан бичиг;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Өмчлөх галт зэвсгийн сумны хошуу, хонгионы дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тухай тодорхойлолт;
  • Галт зэвсэг хадгалах байрын дотоод зохион байгуулалт, галт зэвсэг, сум хадгалах шүүгээ /сав/-ний нарийвчилсан зураг, танилцуулга;
  • Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн тухайд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
  • Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;
  • Байгаль хамгаалагчийн тухайд ажиллаж байгаа албан байгууллагын тодорхойлолт;
  • Ажилтны галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээ.

http://e-khutuch.mn/guide/print/39/395/decide_order